2012-07-20

Д.Нямсүрэн - "Дөрвөн цаг"

Баянхонгор аймаг Богд сум Богд уул
Бороо ганц нэг дуслах нь сайхан
Борог өвс норсон байх нь сайхан
Хаврын цас гэр лүү урсах нь сайхан
Хаа нэгтээ шувууд ганганах нь сайхан

Алтан хараацай дэргэдүүр нисэх сайхан
Аяны хүн манай уяанд буух сайхан
Айлын маань айлд бүсгүй байх сайхан
Айл нүүж ирэх сайхан.

Хангайн бороо гэнэт асгах нь сайхан
Харанхуйн дунд цахилгаан гялбах нь сайхан
Хонон өнжин бороо зүсрэх нь сайхан
Холоос гийчин ирэх сайхан.

Шаргал талын өвс халиурах нь сайхан
Шанхны үзүүрт салхи сэвэлзэх нь сайхан
Сартай шөнө бухал дээр унтах сайхан
Чамайг зүүдлээд, газарт ойчих сайхан.

Үе үе бороо амсхийх сайхан
Өлгөсөн цувнаас ус дусах нь сайхан
Үүлэн чөлөөнөөс нар гарах нь сайхан
Үүдээр болжморууд нисэн өнгөрөх сайхан.

Шөнө дөлөөр хүлэг морь янцгаах нь сайхан
Шүлэг нойрноос сэрж орчлонг бодох сайхан
Өрхний завсраар гэгээ орох сайхан
Өглөө болох сайхан.

Цайран цайран бороо орох нь сайхан
Цавьдар морьтой хүн наашаа давхих нь сайхан
Борооноос өмнө ирлээ гэж ярих нь сайхан
Боржгон эмээлээ аваад орж ирэх нь сайхан.

Хөх лонхон тогоруу дуугарах нь сайхан
Хөдөө цайдам борооших сайхан
Анирхан ахуйд цэцэг дохих сайхан
Аадрын өмнөх байдал сайхан.

Тооноор сар гэрэлтэх сайхан
Тогоотой сүүнд тусах сайхан
Шөнө орой гарах сайхан
Чөдөртэй морь тургилах сайхан.

Шиврэн шиврэн бороо орох сайхан
Ширэг зүлэг ногоорох сайхан
Зүүн өмнө солонго татах сайхан
Зүсэр бороо гэрэлтэх сайхан.

Гэгээн борооны усыг тосох сайхан
Гэзэг үсээ хүүхнүүд угаах сайхан
Агь хөмүүлийн үнэр сэнгэнэх сайхан
Аясхан бодол хол ойрыг санах сайхан.

Үдшийн бүрийгээр ирэх сайхан
Үүрийн гэгээгээр явах сайхан
Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан
Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан.

Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээнцавд бороо орох сайхан.

2012-07-19

ЛАОЗ - Афоризм

Лаоз
Аугаа их үйл хэрэг ямагт жижиг сажигхан зүйлээс эхэлдэг.
               *               *               *
Хүн амьдралд хэтэрхий их тэмүүлснээсээ болоод тун амархан үхчихдэг юм.
               *               *               *
Тэнгэрийн доор юм бүхэн ердөө л цаг зуурын төдий билээ.
               *               *               *
Бага юманд тэмүүлэх аваас түүнээ олж авна
Их юманд санаа хандуулваас төөрөгдөлд орно.
               *               *               *
Хүн анх төрөх үедээ энхрий зөөлөн, сул дорой байдаг.
Үхэл өөррүү нь довтлох бүрийд хатуу , чанга болсоор байдаг.
               *               *               *
Аливаа юмны хэмжээг мэддэг хүнд азгүй явдал тохиолддоггүй
               *               *               *
Юм мэддэг хүн нэг их яриад байдаггүй,
Ярьж байгаа хүн харин юм мэддэггүй байх нь олонтаа.
               *               *               *
Олон юм амалж байвал тэр итгэл даах хүн яавч биш
               *               *               *
Асар их ухаантай хүн бүтэлгүйтдэггүйн учир ердөө л юм бүрт хуруу дүрдэггүйнх
               *               *               *
Хэрэв хүмүүс чиний араас дагаасай гэж хүсч байвал, өөрөө тэдний араас яв.
               *               *               *
Үнэн үг уран гоё байдаггүй
               *               *               *
Өөрийнхөө бодол санааг хянаж бай,
тэр чинь ирээдүйд хийх үйлдлийн эхлэл
               *               *               *
Нас барсан мөртлөө мартагдаагүй хүн л мөнхийн хутгийг олмуй

О.Дашбалбар ″ Тэнгэр шиг бай ″

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

2012-07-08

Б.Лхагвасүрэн: “Мартахуй”

Хаана ч дураараа исгэрэх
Салхинд би атаархдаг
Салхи эцдэгийг мартаад...

Хаашаа ч хамаагүй урсдаг
Усанд би атаархдаг
Ус ширгэдгийг мартаад...

Холын холд дуурьсах
Цуурайнд би атаархдаг
Эргэж ирдэггүйг нь мартаад...

Хоёр үзүүр нь энүүхэнд
Солонгонд би атаархдаг
Хоосон гэдгийг нь мартаад...

Арван тавны саран мандахад
Тунгалагт нь би атаархдаг
Үүлэнд хиртдэгийг нь мартаад...

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.