2012-01-04

Титэм үг - Буурлын буян дундаршгүй

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Буурлын буян дундаршгүй. Та бидний дээдэс эх орон, газар шороо, уул усаа хадгалж хамгаалж үлдээсэн. Туурга тусгаар төр улсаа бэхжүүлж үлдээсэн. Эрдэнэт мал сүргээ өсгөн өвлүүлж үлдээсэн. Эх орны эрдэс баялгийг манаж хайрлаж үлдээжээ. Эцэг өвгөдөөс улбаалсан их түүх соёл, эх хэлээ уламжлан дамжуулсан.
Өнөөгийн бидний эдэлж хэрэглэж байгаа бүхнийг хэн бүтээж үлдээсэн бэ? Буянтай буурлууд.
Буурлуудынхаа буянаар орох орон, оочих аяга, хөл дүүжлэх унаа, хөлдөө углах гуталтай яваа билээ бид. Аав ээжээ хайрладагийн адилаар ахмад буурлуудаа алагчилалгүй хайрлаж, дээдлэх үүрэгтэй бүгдээрээ.
Хэрвээ цаг бусын гай түйтгэр дайрчихгүй л бол үс нь цайж, зүс нь үрчийх цаг хүн бүрт хүссэн хүсээгүй ирэх нь замилан хорвоогийн жам. “Хэн ч өтөл насыг хүсдэггүй боловч бүгд л удаан амьдрахыг хүсдэг” нь хүний хорвоогийн маргашгүй үнэн. Удаан амьдрах тэрхүү чин хүсэл биелбэл өтөл насанд хөтлөн аваачиж өгнө. Хүмүүс өтөлдөг. Гэвч энэ бол удаан амьдрах цорын ганц арга нь юм. Өтлөх сайхан биш ч урт наслаж, удаан амьдрах сайхан. Өтлөх, урт наслах хоёрыг тус тусд нь байлгаж болдоггүй, үргэлж хамтдаа байдаг нь яахын ч аргагүй үнэн бөгөөд яаж ч өөрчилж болдоггүй амьдралын хууль.

Өтөл насыг элэглэн шоолох хэрэггүй. Яагаад гэвэл бүгд л тэр өөд итгэлтэй нь аргагүй алхаж яваа учраас. Ахмадуудыг ад үзэх хэрэггүй. Яагаад гэвэл бүгдийг маань тэр үе хүлээж байгаа учраас. “Нас хэлбийхийн цагт өөрийгөө хүндлүүлэхийн тулд чи залуу байгаа дээрээ хүч тэнхэл нь дордож, цал буурал болсон хүмүүсийг сонсч хүндэтгэх хэрэгтэй” гэж эртний Персийн нэгэн яруу найрагч бичсэн байна. Ахмадуудынхаа үгийг сонсч хүндлэх хэрэгтэй. Тэд юу хүсч, юунд дургүйцэж байна вэ? Мөр бүтэн, гэдэс цатгалан хүний дайтай хүн явахыг мэдээж тэд хүснэ. Дийлэнх ахмадуудын хамгийн наад захын энэ хүсэл хэрэгжихгүй зовоож байна. Уранхай дээлтэй, туранхай царайтай ахмадууд харамсалтай нь хаа сайгүй олноороо байна. Хэдэн малынхаа буянаар хоосон хонож, хоёр идэлгүй насаа илээсэн ахмадууд мах магнаг болж, үнэ нь тэнгэрт хадахад бухимдан дургүйцнэ. Сүүтэй цайг амьсгалах агаар мэт хэрэглэж заншсан ахмадууд хар цай уухаараа гол нь харлаж, толгой нь эргэж, сэтгэлээр унана. Эм авахаар эмийн санд очоод үнийг нь сонсохоороо духан дээр нь хүнд зүйлээр цохиод авах шиг болно. Тэтгэвэрийн хэдээс нь илүү гарсан зарлагатай болчихоор тэсэхийн аргагүй бачимдан бухимдана. Ахмадуудад буруу байхгүй ээ. Хоёр нарны хооронд борви бохис хийлгүй хөдөлмөрлөж байж өнөөгийн бидний хэрэглэж байгааг бүтээж, туурвиж өгсөн юм. Тэгэхдээ ихэнхийг нь улсдаа өгч, баганхыг нь өөртөө үлдээдэг байсан хүмүүс тэд.
Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуай нэг удаа “Монголын ард түмэн миний зохиосон аяар унтаж, миний зохиосон аяар сэрэх юм. Надад нэг орос дэлгүүрийн проомсог өгчихгүй юм байх даа” гэж хэлсэн тухай дам сонссон. Л.Мөрдорж гуай төрийн дууллын аяыг зохиолцсон, хойч үедээ мөнхөд дуурсагдах бүтээл туурвисан агуу хүн. Уг нь оюуны ийм сод бүтээлүүд туурвисан уран бүтээлч орос дэлгүүрийн проомсог гуйгаад байхааргүй л амьдрах ёстой л доо. Гэхдээ цаг үе нь тийм биш байж. Тэр агуу хүн хойч үедээ мөнхийн том бүтээлүүд туурвиж өгсөн мөртлөө өөртөө тун багыг авч байжээ. Манай ахмадууд Л.Мөрдорж гуай шиг төрийн дууллын ая зохиогоогүй ч өөр өөрийн хийх ёстойг сэтгэлээсээ хийж, ирээдүйн сайн сайхны төлөө хөдөлмөрлөсөн. Өөрөөр хэлбэл та бидний төлөө шургаж унаталаа зүтгэсэн. Залуу насны эрч хүч, ухаан бодлоо улсдаа их юм бүтээхийн төлөө бүрнээ зориулж, унтах нойр, идэх хоолоо хугаслан ажилласан. Хөрөнгө баялаг бол ердөө л хурааж хуримтлуулсан хөдөлмөр. Зарим үед хулгайлсан хөдөлмөр. Ахмадуудын бүтээн бий болгосон хөрөнгө баялаг нийтийн тогоонд орж, нийгмийн сан хөрөнгийг арвижуулдаг байлаа. Өөрсдөө хоёр цалингийн хооронд хүргэх нь хүргэж, зээлэх нь зээлж, нийтээрээ адил тэгшдүү амьдарсан. Харин хавтгайдаа хулгай хийдэггүй байв. Нэгдлийн ганц эргүү төлгийг ч нуугаад төхөөрөөд идчихэж болдоггүй байлаа. Тэр үед авлига гэдэг үг толь бичгийн мухарт нуугдаастай байсан гэхэд хилсдэхгүй. Хожмын хүндхэн өдрүүд ирвэл өөртөө хэрэглэхээр ил далд атга чимхээр хурааж бөөгнүүлэн хуримтлуулсан хөрөнгө баялаг, мөнгө төгрөг гэх юм тэдэнд үнэндээ байгаагүй. Тэд насны намар ирнэ гэдгийг мэдэж байсан мэдээж. Гэхдээ ийм чанга ирнэ гэдгийг урьдчилан төсөөлөөгүй. Төсөөлөх ч аргагүй. Насны намраа төр улсдаа бүрэн итгэн даатгаж, ядрахын цагт засаг төр тусална гэх гүн итгэлээр ажиллаж, амьдарч ирсэн. Өөрсдөөс нь бусад бүх зүйл ийнхүү хэтэрхий үнэд орж, өөрсдөө ингэж үнэгүйдэнэ гэж хэн төсөөлөх билээ дээ. Үнийн өсөлт хамгийн түрүүн ахмадуудыг ширвэж, сөхрүүлэх нь холгүй байна. Төр засаг ахмадуудаа хамгаалах, ивээх, тэтгэх үүрэгтэй. Тэр үүрэг нь энэ цаг үед улам илүү тод мэдрэгдэж, дорвитой шийдлээ хүлээж байна.
“Амар амараас сэтгэл санааны амар” гэсэн зүйрлэл нь дээр үеэс монголчууд хэлж хэлцэж ирсэн үнэн үг. Ядаж ахмадуудынхаа сэтгэл санааг нь амар жимэр байлгая л даа. Манай ахмадууд харьцангуй шударга хүмүүс. Тиймээс шударга бусыг үзэж, сонсохоороо байж суухад бэрх болдог юм. Өнөөгийн ахмадуудын сэтгэл санааг нь амраахгүй эмзэглүүлдэг зүйл нь одоо цагт шударга бус, шижээргүй үйлдлүүд хэтэрхий газар авсан явдал. Ахмадууд зарим талаараа аз жаргалтай, магнай тэнэгэр суугаа. Залуу зандан насандаа шударга байсан хүн өтөл насандаа айж ичих юмгүй, аз жаргалтай байдаг юм. Үүгээрээ одоогийн шударга бус үйлдэлтнээс зарчмын ялгаатай бөгөөд илүү аз жаргалтай. Өнөөгийн шударга бус явдалтнууд өтөл насандаа сүүдрээсээ цочих нь холгүй өдөр хоногийг өнгөрөөх болно, яана даа? Хар дарсан зүүд шиг өтөл насыг угтахгүйн тулд залуу цагтаа шударга журмыг эрхэмлэ. Ахмадуудынхаа алтан сургаалийг тэвчээртэй сонс. Тэднийг үеэ өнгөрөөсөн, улирсан, хуучирсан гэж бодвол чи маш том алдаж байна. Сүүг нь шимээд хөхийг нь хазаж болохгүй ээ. Бид ахмадуудынхаа шим шүүсийг ховх сорсон. Тэгсэн мөртлөө гэв гэнэт цэцэг навчнаас ургаж соёолсон мэт бодож, ахмад үеэ үл тоомсорлож, адлаж хажиглаж болно гэж үү? Бид тэдний л халаа залгаа шүү дээ. Хаа газрын ахмадууд илүү итгэж болох хүмүүс. Дундад зууны үеийн нэгэн судлаач, “Хөгшин мод сайн шатдаг. Хөгшин мориор явахад аюулгүй. Хуучин номнуудыг уншихад аятайхан. Удсан дарсыг уухад таатай. Хуучин анд нарт бүхнээс илүү итгэж болно” гэж бичсэн байна. Ахмадууддаа итгэж, ах захаа хүндэлье. Өтөл насныхан тэр аяараа нийгмийн яндашгүй баялаг юм. Тэд ухаан нь тэлж хөгжсөн, олон оймс илээж туршлага хуримтлуулсан, хий нь гарч хашир суусан, үг дааж егзөр болсон, арга барил нь төлөвшсөн, боловсрол мэдлэг нь зузаарсан хүмүүс. Ер нь “өсвөр насны баялаг бол хүч чадал, гуа сайхан байдаг бол өтөл насны баялаг нь ухааны цэцэглэлт” гэж нэгэн ухаантан сургасан байна. Ийм баялгийг нийгэмд хэрэглэхгүйгээр орхино гэдэг нь ухаан муутай, урагшгүй тэнэг үйлдэл гэхээс өөрцгүй.
Хөгшин болох нь урлаг биш, харин өтөл насыг дийлэх нь урлаг байдаг гэнэ. “Өтлөлтийн урлаг нь залуучуудад саад тотгор биш, түшиг тулгуур нь; өрсөлдөгч биш, харин багш нь; хайхрамжгүй хүн бус, харин ойлгодог хүн нь байхад оршино”. Манай ахмадууд бүгд өтлөлтийн энэ урлагийг эзэмшээсэй.
Өтөл насыг дийлэх урлагийн нууц нь ажил хөдөлмөр. “Урт наслах тааврын тайлбар нь хөдөлмөр мөн” гэж нэгэн бичгийн хүн хэлсэн байх юм. Өөр нэг ухаантан “Жар гаргасан хүнд миний зөвлөх ганц л жор бий: Их ажиллах, бүр их ажиллах” гэж зөвлөжээ. “Өтөл нас тэнэг хүний хувьд дөнгө, мунхаг хүний хувьд өвөл, харин эрдэмтэй хүний хувьд – алтан тариа хураалт” байдаг ажээ. Манай ахмадууд туйлын ажилсаг хөдөлмөрч. Урт наслаж яваа хүмүүс уйгагүй хөдөлмөрч байгаа жишээг би захаас аван хэлж чадна. Саяхан Б.Лааган гуайтай уулзлаа. Монгол орны нөхцөлд чацарганыг судалж, түүнийг тарималжуулах, үржүүлэх, жимсийг нь боловсруулах технологи үйлдвэрлэлд нэвтрүүлсэн учир 1989 онд төрийн шагнал хүртсэн эрдэмтэн, инженер хүн. “90 дөхөж явна, ажилласаар л байгаа шүү” гэж бахархалтайгаар өгүүлэв. Төв, Өвөрхангай зэрэг хэд хэдэн аймагт чацарганы шинэ талбай бий болгох их үйлсэд зүтгэж яваа ажилсаг, буянтай ахмад буурал. Хэдэн жилийн өмнө Ховд аймагт очиход хөдөлмөрийн баатар Б.Лувсан гуай зүгээр сууж чадахгүй, ажилласаар байгаа тухайгаа хуучилж, жимсний болон бусад олон зуун мод, бут орон нутагтаа тарьж ургуулан залуучуудад зааж сургах амлалт авч билээ. Ховд аймгийн Манхан сум нэгдлийн алдартай дарга байсан Б.Лувсан баатар одоо наян тавны насандаа сэмбэлзтэл алхаж, хоёр нарны хооронд талбайдаа гялалзтал ажилласаар байгаа гэсэн. Ийм ажилсаг хүмүүст өтөл нас хаалт хориг болдоггүй юм байна.
Эдний үеийнхэн, ийм ажилсаг хөдөлмөрч хүмүүс яах аргагүй бидний бахархан дууриах ахмад үе мөн билээ. Гэхдээ би бүх ахмадуудыг гараа цэврүүтэж, борвио бохиртол дахиад ажилла гэж байгаа юм биш. Өтөл насанд чадах чадахаа л хийж сэтгэл санаа амар байгаасай гэж хүснэ. Хан уулыг цас дарна, хайран биеийг нас дарна. Зүгээр суухаар зүүрмэглээд өгнө. Унтахаар хажуулахаар нойр нь хүрэхгүй. Шинэ юмыг тогтоохгүй. Хуучин юмыг мартахгүй үе хүнд ирнэ. Энэ үед нь засаг төр, үр хүүхэд, ах дүүс, нутаг нугынхан тэднийхээ төлөө сэтгэл гаргаж, санаа тавих үүрэгтэй төдийгүй тэгэх албатай. Буянтайгаас буянтай буурлуудаа сонсдог, тэтгэдэг, хүндэлдэг, дээдэлдэг улс орон гарцаагүй хөгжин дэвжинэ. Ахмадуудаа гомдоохгүй байя. Ахмадуудаа баярлуулая.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.