2011-12-31

Modern Talking - No Face No Name No Number



Love is like the ocean, burning in devotion
When you go, go, go, oh no
Feel my heart is burning, when the night is turning
I will go, go, go, oh no
Baby I will love you
Every night and day
Baby I will kiss you
But I have to say
Refrain:
No face, no name, no number
Your love is like a thunder
I'm dancing on a fire, burning in my heart
No face, no name, no number
Oh girl I'm not a hunter
Your love is like desire, burning in my soul
No face, no name, no number
Oh love is like a thunder
Oh love is like the heaven, it's so hard to find
No face, no name, no number
Oh girl I'm not a hunter
Your love is like a river, flowing in my mind
Feel your dreams are flying, dreams are never dieing
I don't go, go, go, oh no
You're eyes tells a story, baby oh don't worry
When you go, go, go, oh no
Baby cause I love you
Forever and today
Baby I will kiss you but I have to say

2011-12-28

Титэм үг - Амжилт гаргах нь хамгийн сайн өшөө авалт мөн

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Монгол түмний үндэсний бахархал болсон эрийн гурван наадмын нэг төрөл нь сурын харваа билээ. Найман зуу гаруй жилийн тэртээд Есөнхээ мэргэн 335 алд газар харван байг онож, дээд амжилт тогтоожээ. Энэ аварга амжилтыг бахархан тэмдэглэж, хөшөө чулуунд сийлүүлсэн нь Чингэсийн чулууны бичиг гэж алдаршиж, сурын спортод зориулсан дэлхийн анхны хөшөө болсон түүхтэй.
Нум сумын эд ангиуд тус тусдаа өөрийн гэсэн нэртэй. Сумны гол хэсгийг модоор хийнэ. Энэ мод өөгүй тэгш, муруй тахиргүй, шув шулуун байх шаардлагатай. Харвах сумны өд наах хэсгийг “мөс” гэж нэрлэнэ. Нум галжиртсан буюу мөс муруй тахир байвал тавьсан сум байнд тусахгүй. Мөс муутай бол сум гэж нэрлэхээс цаашгүй, сумны мөн чанар нь алдагдана. Монгол хэлэнд хүний мөс, мөс сайтай, хүний мөсөөр хөлийн чигжий хуруу шиг зэрэг үг хэллэг, ойлголтууд бий. Сумны мөс, хүний мөс хоёрын илэрхийлэх цаадах гүн утга нь ижил. Хүнд муруйж тахийж болдоггүй, муутгаж дордуулж болдоггүй, хаяж гээж болдоггүй нэгэн зүйл бий. Энэ нь хүний мөс. Хүний мөс, сумны мөс лугаа адил шув шулуун байх ёстой. Хүний мөс муудаад, муруйж тахийгаад ирэх юм бол хүн байх мөн чанараа алдаж эхэлдэг.

2011-12-27

Сэтгэлийн нүд - Сургамжит өгүүллэг

Эмнэлэгийн нэг тасагт гурван өвчтөнийг хэвтүүлжээ. Хамгийн эхэнд ирснийг нь цонхны дэргэд, дараагийнхыг нь өрөөний голд, хамгийн сүүлчийнхийг хаалганы хажуугийн орон дээр хэвтүүлэв. Захын хоёр нь хүнд өвчний улмаас өдөржин чимээгүй хэвтэж, харин дундах нь бусдын адил босож чаддаггүй ч алиа хошин яриатай, өөдрөг дэврүүн сэтгэлтэй нэгэн байв. Тэр элдвийг хүүрнэн нөгөө хоёрыгоо хөгжөөж өвчин шаналгаагаа бага ч атугай нимгэлэхэд өдөр хоног ч хурдан өнгөрнө.
Ийнхүү сар, улирал үргэлжилсээр өвөл эхлэв. Хүн бүрийн сэтгэл хөнгөн уйтгарт автаж исгэрэх салхийг чагнан хэвтэцгээнэ. Гэтэл нэг шөнө үүр цайхын хэрд цонхны дэргэдэх өвчтөн нас баржээ. Өглөө нь түүнийг өрөөнөөс гаргаж, өвчтөнүүдийн байрыг солихдоо дунд орны өвчтөнийг цонхны дэргэд, хаалганы хажуугийнхыг түүний байранд шилжүүлэв.
Цонхны дэргэд очсон мөнөөх эр цонхоор харагдах бүхнийг дэргэдэх нөхөртөө ярьж эхэлнэ.
“Зөөлөн будрах цасан ширхэгээр гоёсон сүрлэг модод зам даган ярайж, зул сарынхаа гоёлыг тайлж амжаагүй хүмүүс гудамжинд сүлжилдэнэ. Удалгүй нар улам хүчтэй ээж, цас хайлан газар дэлхий ногоорлоо. Тоглоомондоо улайрах багачуудын дуу цангинаж, шувууд жиргэхэд яаран алхах олны явдал удааширч хаврын улирал налайна.” Алиа эр энэ бүхнийг тоочин ярих бүр дүр зураг нь эмнэлгийн бяцхан өрөөнд амилж хүн бүрийн сэтгэл гэгэлзэнэ.
Гэтэл энэ сайхан бүхнийг өөрийн нүдээр харах гэсэн их хүсэл өрөөн дундах өвчтөнийг шаналнах болж зөвхөн цонхон талын байр суларсан цагт л тэр хүсэл нь биелэнэ гэж бодсоор байв. Ийнхүү атаархалын харцаар хажуу тийш ширтэн арга зам хайж эхэллээ. Аятайхан боломжийг хүлээж байсан түүийг удаан удаан хүлээлгэхгүй гэх шиг нэг шөнө цонхон талын эрийн хууч хөдөлж бие нь муудав. Асрагч сахиул байхгүй тул тэрээр шүүгээн дээрх эмийг өөрөө авч уудаг байсан бөгөөд энэ удаа ч мөн адил гараа явуултал хором тоолон хүлээж байсан атгаг санаатны гарт эм нь аль хэдийнээ орсон байлаа. Шалан дээр шилний хэлтэрхий тарж, бөнжигнөн тогтсон эмийн дуслууд нулимсан хэлхээ шиг цуварчээ. Өвчтөний яаран ёолох дуу тасарч, өрөөнд нам гүм ноёлоход хөдөлгөөнгүй хөшсөн цонхигор царайн дээр үүрийн гэгээ туслаа.
Нас барсан өвчтөнийг гаргахаар асрагч ирж, үлдэгсдийн байрыг сольж, хоёр шинэ өвчтөн оруулав. Хүсэл нь биелсэнд баярласан хар санаат эрийн яарсан сэтгэл тэсгэлгүй догдолж цэнгэлийн сайхныг горьдон цонхны зүг эргэхэд хориод алхмын тэртээ тоосго давхарлан барьсан тас хар хананаас өөр юу ч түүнд үзэгдсэнгүй.

2011-12-24

Ус цэцэг хоёр - Сургамжит өгүүллэг

Нэг өдөр ус цэцэг хоёр тааралдаж найзууд болжээ. Эхний үед сайхан найзууд шиг үерхэж байлаа. Мэдээж бие биеэ танихын тулд цаг хугацаа хэрэгтэй байлаа.
Цаг хугацаа улиран өнгөрсөөр, цэцэг маш их аз жаргалтай болжээ. Аз жаргалдаа умбасан тэрээр усанд хайртай болсноо ойлгожээ. Анхны хайртайгаа учирсан цэцэг тансаг сайхан үнэрээ тал бүр лүү цацан “Энэ сайхан үнэрийг зөвхөн ус чамдаа л зориулъя” гэж байв. Хэсэг хугацааны дараа ус ч гэсэн цэцгэнд хайртай болсноо ойлгожээ. Цэцгэнд өгсөн хайр нь ч гэсэн анхных байлаа. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр цэцэг, “Ус надад хайртай болов уу?” гэж бодож эхлэв. Яагаад гэвэл ус цэцгийг нэг их анхааран халамжилдаггүй байв. Гэтэл цэцэг иймэрхүү байдалд огтхон ч дасаагүй байлаа.
Цэцэг усанд,
-Би чамд хайртай гэхэд ус,
-Би ч чамд хайртай гэв.
Цаг хугацаа өнгөрсөөр л… Цэцэг ахиад л,
-Би чамд хайртай гэв. Ус,
-Би ч бас гэлээ.
Цэцэг тэвчээртэй хүлээсээр л байлаа. Гэвч цэцэгний сайхан үнэр алга болсоор өөрт байсан эцсийн сайхан үнэрээ усанд зориулж хайртай гэдгээ дахин хэлэв. Ус,
-Би чамд хайртай гэдгээ хэлсэн л биз дээ гэв.
Цэцэг улам л гундсаар хэвтэрт оржээ. Хөөрхий цэцэг хүндээр өвдсөн байлаа. Өнгө нь гундаж, үзүүр нь шарлаж эхлэв.
Ус хайртынхаа толгойг нь түшин хажууд нь суудаг байлаа. Цэцэг үхэж байлаа. Гэвч тэр эцсийн удаа хамаг хүчээ шавхан толгойгоо өндийлгөн усанд,
-Би чамд үнэн сэтгэлээсээ хайртай гэв. Энэ байдалд сэтгэл нь саналсан ус эцсийн арга болох эмч дуудав. Эмч цэцгийг үзээд,
-Биеийн байдал найдваргүй. Түүний төлөө одоо юу ч хийж чадахаасаа өнгөрсөн гэв.
Ус эмчээс хайртыгаа ямар өвчнөөр өвдсөнг нь асуув.
Эмч ус уруу их л нухацтай харснаа,
-Түүнд ямар ч өвчин байхгүй. Түүнийг огтхон ч услаагүй байна гэв. Ус “Зөвхөн би чамд хайртай гэдэг үгээр хайраа илэрхийлж болохгүйг” ойлгожээ.

2011-12-23

Титэм үг - Хэлэх үгийг эзэнд нь

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Хэлэх үгийг эзэнд нь, тавих морийг ижилд нь” гэдэг гүн утгат үгийг өвөг дээдэс маань сургаж, бидэнд хичээнгүйлэн захиж, хишиг болгон өвлүүлсэн. Чиний төлөө сайн үйл хийж, чамд туулайн чинээ ч бай, уулын чинээ ч бай тус хүргэсэн хүнд чин сэтгэлийн талархлаа чихэнд чимэгтэй эелдэг зөөлөн үгээр илэрхийлэн хүргэ.
Баярлалаа, гялайлаа гэх сэтгэл шингэсэн талархлын үгсийг зохих эзэнд нь, зохих цагт нь хэлж байх нь хамгийн наад захын соёл, боловсролтой хүний хувьд хоол идэхийн тулд амаа ангайдагтай адил зайлшгүй хийх ёстой боловсон үйлдэл. Баярласан сэтгэлээ нээн илэрхийлж сураагүй хүн урам муутай. Хүртсэн тус дэмийнхээ хариуд баярласан, талархсанаа хэлэхгүй хэлээ хазан өнгөрөгч дараагийн удаа тэр хүнээс буян хишгийн тусыг горьдон хүлээх итгэлээ тасар татан хөсөр хаяна. Хариу нэхээгүй буяны тус хамгаас үнэтэй гэдэг. Жинхэнэ буянтан гар тосон хариу нэхдэггүй ч сэтгэлийн үг чих тавин хүлээдэг гэдгийг ямагт сана. Тусыг хүртээд үг дуугүй нүүр буруулах нь тун өөдгүй зангийн илрэл.

2011-12-22

Л.Өлзийтөгс - Би чөлөөлөгдөхийг хүсч байна

Би чөлөөлөгдөхийг хүсч байна
Бие сэтгэлээсээ ангижрахыг хүсч байна
Хайр, хүсэл, шунал, тэмүүллээс
Харанхуй мунхагаас, атаа хорслоос
Хагацахыг, амарлихыг хүсч байна

Бие минь гэрэл нэвтрүүлдэг болоод
Би өөрөө тув тунгалаг болоод
Үг, хэл, үнэр санаа минь ариун болоод
Үнэхээр би амгаланг олоод ...

Тиймээ, тийм энэ хүлээсийг тайлмаар байна
Тэгээд өөрөөсөө ахин төрмөөр байна

2011-12-21

Титэм үг - Гомдлыг уураар тайтгаруулдаггүй, галыг тосоор унтраадаггүй

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Гомдол бол сэтгэлд шивсэн өргөс билээ. Зүрхэнд шивсэн өргөс ч гэж хэлж болно. Гарт орсон өргөс тэрхэн хэсэгтээ тээртэй байдаг бол сэтгэл зүрхэнд шивсэн өргөс бүх биед нэн зовиуртай. Гарт орсон өргөс гарын дор, ядаж төдөх юмгүй түүнийг амархан сугалаад авчихна. Сэтгэл зүрхэнд шивсэн өргөс гараас хол, сугалан хаях тийм ч амаргүй. Гэхдээ зүрхний өргөс огт авагддаггүй зүйл биш.
“Зүрхний өргөсийг сайн нөхрийн гар л авч чадна”. Гомдол олон янз. Хөнгөн гомдлоос голдоо ортол гомдох хүртэл гомдлын гашуун мөр сэтгэл зүрхэн дундуур гуниг тээн, гонсойлгон зурайна. Хөнгөн гомдлыг тайлах ч амар, мартах ч амар. Голдоо ортол гомдон хөрж хатсан сэтгэлийг гэсгээн дэвтээх үнэхээр хэцүү. Хамгийн ойрын хүмүүстээ харамсмаар муухай үг бүү хэл. Сэтгэл зүрхээрээ чамайг гэж явдаг хүнд сэтгэлд нь сэв суухаар сэрэмжгүй үг битгий хэл. Салшгүй сайн нөхөддөө марташгүй муухай үгийг бүү дуулга. Чамд найдаж, чамд итгэж, хорвоо дээрх хосгүй хүмүүсийн нэг гэж чамайг дээдэлж ирсэн хүмүүстээ хор хүргэж, хорсол дагуулах хорт муу үйл бүү үйлд.
Итгэсэн нөхөр нь инээсэн дайсан болох шиг муухай юм энэ хорвоод үгүй. Эдгээр мэт үг, үйлээр гомдоох аваас тос шиг сэтгэл нь царцаж, сүү шиг сэтгэл нь ээдэж, голдоо ортол ч гомдож мэднэ. Ар араасаа цувсан аймшигт гомдлоор аль ч хүнийг бүү залхаа. Ганц ганцхан дусал нэмсээр ган торхноос хальдагийн адил бага багаар, ар араас нь цувуулан гомдоовол баяр жаргалаар дүүрэн байсан сэтгэлийн ган торхонд гомдлын мөс хуралдан зузаарсаар алдрайхан сэтгэл алдарч, баяр жаргал нь багтаж шингэхээ болин асгарч, нүдний аяганаасаа мэлмэрэх нулимс адил халин садран урсаж, гомдол гунигийн хүйтэн мөс сэтгэлдээ тээж явах болно. Гомдол гунигийн мөс хүйтэн бөгөөд хатуу, хүнд бөгөөд дарамттай, дааж явахад хэцүү.
Хайлдаггүй мөс байдаггүй гэх боловч, хэт хөрж хөрзийсэн сэтгэлийн мөсийг гэсгээн уяраах туйлаас хүнд. Сэтгэлд хургасан гомдлын жаврыг сэтгэл зүрхний дуудлагатай намуун аядуу үг л хөөн зайлуулах увидастай. Хэн нэгнийг гомдоосон бол гомдол гунигийг нь заавал тайлж бай. Энэ бол өөрийгөө хүндэтгэдэг журамт хүний үүрэг. “Аар саархан гэмийн үрийг алсдаа цайрах юм шиг битгий бод”. Сэтгэлдээ битүүхэн гомдол тээж явахын хэрэгцээ үгүй. Юунд гомдсон, яагаад гомдсоноо далдлан нуух биш, ил хэлж гомдлоо тайлж, сэтгэлээ амраа. Гомдлыг уур уцаар дагах нь хөллөсөн шар үхрийн араас тэрэг дагах лугаа. Гомдсон сэтгэлийн учир шалтгааныг ургуулан бодох тусам уур уцаар улам бүр дүрэлзэнэ. Уур уцаараар гомдлыг тайлна гэж санахын ч хэрэггүй. Уур, биеийг зовоохоос өөр гавьяагүй. Сэтгэлд хургасан уурлах бухимдах харанхуй орон зайд учрыг олж хужрыг тунгаах ухаан тэвчээрийн гэрэлт нарыг авчирч байрлуул. Уурыг, уураар ялахгүй, уурыг ухаан тэвчээр хоёр л ялж дийлж чадна. Хэн нэгнийг гомдоосон бол уучлал гуйж сур. Уучлал гуйна гэдэг түүний өмнө гэм буруутай гэдгээ ухаарч байгаагийн шинж тэмдэг төдийгүй боловсон соёлтой хүний зайлшгүй хийх ёстой эелдэг үйлдэл, гомдлыг тайлах хамгийн дөт зам билээ. Өрөөл бусдад гомдож өөрийгөө зовоож байснаас өөрөө өөртөө гомдож сур. Өөрийн гомдлыг тайлах нь өөрөөс чинь хамаарах санаан зоргын хэрэг. Өөртөө гомдож байгаа хүн уур уцаарын хүлээсэнд баригддаггүй.
Өөрөө өөртөө гомдож байгаа хүнд уур уцаарын оронд уужуу сэтгэл, уучлах зөн мэдрэмж төрдөг юм. Хүн хийх гэсэн ажил нь бүтэхгүй, хүрэх гэсэн санаандаа хүрч чадахгүй нь хэмээн эмзэглэж, уурлан бухимдаж эхэлдэг. Уурлаж бухимдсанаар урдах ажил нь бүтчихнэ гэж үгүй. Ултай суурьтай уужуу тавиу бодож, ухаан зарж, аргыг нь олж байж хийх гэснээ хийж, хүрэх гэсэндээ ойртоно. Хүнийг цэвэр бус дотоод сэтгэл нь хамгийн ихээр зовооно. Хэрэв өөрийгөө барьж, өөрийгөө дарж байхгүй бол уур уцаар, атаа жөтөөнд баригдан, сэтгэлийн гэмүүд бий болж чамайг зовооно. Улмаар тэвчих аргагүй олдмол сэтгэлийн гэмүүд дор дороосоо ундарсаар, дээр дээрээ овоорсоор байх болно. Сэтгэлийн гэмүүд дотроос адгийнх нь атаа жөтөө билээ. “Атаархагчид яагаад дандаа ямар нэг зүйлд гоморхож байдаг вэ? Яагаад гэвэл тэднийг өөрсдийнх нь бүтэмжгүй хэрэг төдийгүй, бусдын амжилт ч шаналгадаг” юм. Атаархагчид ямагт гуниг гоморхол тээж явна. Яагаад гэвэл өөрт тохиолдсон золгүй явдалд гуниж гоморхохын зэрэгцээ, өрөөл бусдад аз тохиоход мөн л энэ зовлонгоо эдэлж сууна. Атаархал нь баяр цэнгэлийг мэддэггүй дотоод сэтгэлийн гажиг. “Атаархлаас өөр ямар ч гажиг хүмүүсийн сайн сайхан байдлыг тийнхүү хорлодоггүй, атаархлын халдвар авсан хүмүүс өөрсдийгөө гутраагаад зогсохгүй, бусдын баяр баясгаланг ч харлуулдаг”.
Гомдлыг цаг цагт нь тайлалгүй удаан хадгалвал буцалж байсан гомдол өшөө хорсол болон дэврэнэ. Өшөө хорсол тээж явах нь өөрт ядаргаатай, өрөөлд хорлонтой. Өшөө хорсол хэмээх сэтгэлийн гэм даамжирвал үзэн ядалт болон хувирч болзошгүй. Ийм байдалд хүрвэл бусдыг занал зүхлээр далайлгах төдийгүй өөртөө хар зовлонг даллан дуудах болно. Үзэн ядалтын уур хилэн цээжиндээ тээж яваа хүний ухаан бодолд өшөө хорслоо тайлах зовлонт үр боловсорч цаг үргэлж тамлан тарчлаана. Үнэнийг сонсох дургүйчүүд үнэнийг хэлсэн хүнийг үзэн яддаг. Энэ бол адгийн үзэн ядалт.
Үнэнд дургүй хүмүүс дөрвөлжин нүхэнд гурвалжин мод тааруулах гэж зүтгэн муйхарлана. Үнэнийг сонсох нь тэдний хувьд тэнгэр ниргэж, газар цөмрөхтэй адил. Үзэн ядалт сулхан хүмүүсийн уур хилэн боловч, атгаг санааг агуулж байдгаараа аюултай. Бусдыг үзэн ядаж өөрийгөө тарчлаах хэрэг байхгүй. “Үзэн ядалт бол хамгийн хүнд, хамгийн дур гутам гинж бөгөөд түүгээр нэг хүн өөрийгөө нөгөөтэй холбож болдог, харин түүний төгсгөлүүд нь хорсол болон айдаст нэвчсэн байдаг” гэж нэгэн зохиолч бичсэн байна. Хэн нэгнийг үзэн ядсанаар чамд яасан ч сайн зүйл авч ирэхгүй. Үзэн ядах, өшин хорсох хорт сэтгэлээ татаж авахгүй бол өшөө авах аймшигт алхамд түлхэж мэднэ. Хүн үйлдсэн үйлийнхээ хэр таарсан үр дагаварыг л амсдаг болохоор муу үйл үйлдээд сайн үр дагавар хүртэнэ гэж гэнэн царайлж горьдохын хэрэггүй. Газар дорх үндсийг гараар тасалж болдоггүй шиг чиний дотор хуримтлагдсан сэтгэлийн гэмийн үндсийг хэн нэгэн тааж мэдээд, таслаад өгчихөж чадахгүй.
Сэтгэлдээ хорлонт гэмийг үүсгэж хэрэггүй, үүссэн бол хадгалж хэрэггүй, хадгалахгүй байхын тулд өөрөө тэр бүгдийг гарган хаяж, сэтгэл юүгээ хог новшноос цэвэрлэх хэрэгтэй. Гомдож уурлах нь угаасаа хүний сайн мэдрэмж биш. Гомдолдоо шатаж, уурандаа дүрэлзэж яваа хүн өөрийгөө түлж хуйхлахгүй ч гомдож уурласан хүнээ түймэрдэн хуйхлах нь холгүй явна. Хүсч байсан хүсэл нь биелэхгүй, хүлээж байсан үр дүнгээ үзэхгүй бол хүмүүс хэн нэгэнд гомдоно. Гомдол нь уур хилэн, зэвүүцэл болон дүрэлзэж ч мэднэ. Олон хүн зэрэг зэрэг уурлах нь оволзон давалгаалах үерийн уснаас өөрцгүй. “Үзэн ядалт зэвүүцэлтэй хослохоороо ямар ч дөнгийг сэгсэрч чадах хүчийг олдог” гэж нэгэн гүн ухаантан хэлсэн байна. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг. Гомдож зэвүүцсэн сэтгэлийг тайлах хамгийн сайн арга нь гомдсон, гомдоосон хоёр уулзан учирч, сэтгэлээ нээн ярилцаж, хэл амаа олох явдал билээ. Эмээлийн бүүрэг шиг хоёр тийшээ харсан хүмүүс эгцэлж урд, урдаасаа харах төвөгтэй ч хүсэл эрмэлзэл, найдвар итгэл байх аваас болохгүй бүтэхгүй зүйл үгүй. Өнгөрсөн муу явдлыг хойш тавьж, өрнөх сайн ирээдүйн тухай ярилцах сэтгэлийн хат, итгэлийн жигүүр ямагт хадгалагдан үлдэх учиртай.
Түмний хэргийг түрүүнд нь бодон, төрсөн биеэ дараа нь бодож, уур хилэн, үзэн ядалтын гал дээр зэвүүцлийн тос нэмж хавь ойроо хаман түймэрдэх харалган бодлоо эгнэгт орхи. Буруу, зөвийг ямагт ялгаж зааглаж болдог юм. Мууг мартан сайныг санаж, удаан тунгаан, уужим сэтгэж, зөвшин ярилцаж, зөвийг ол. Гомдлыг уураар тайтгаруулдаггүй, галыг тосоор унтраадаггүй ээ.

2011-12-17

Алимны мод - Сургамжит өгүүллэг

Нэгэн хаан өөрийн шадар түшмэдийн хамт морьтой зугаалж байжээ. Тэгээд замдаа алимны мод тарьж буй өвгөнтэй таарчээ. Хаан өвгөнийг ёжломоор санагдаж: - Өвгөн гуай, та ийм настай хүн байж хэзээ энэ модныхоо жимсийг авна гэж суулгаж байгаа юм бэ?Алимны мод ургаж гүйцээд жимсээ өгөх үе хүртэл нь та хүлээж чадах юм уу? гэж ихэд шоолонгуй асуув. 
Өвгөн хариуд нь: - Би өвөг эцгийнхээ тарьсан алимны модны жимсийг насаараа идсэн юмаа. Тэд ч гэсэн тарьж байхдаа хүлээж байгаад иднэ гэж тариагүй байлгүй дээ. Одоо миний тарьж байгаа модны ургацыг би биш юмаа гэхэд миний үр, ач, гуч нар хураах юмаа гэлээ. 
Энэ үг хаанд маш их таалагдсан тул өвгөнд хэтэвч дүүрэн алт өгчээ. 
Өвгөн хариуд нь: - Хаантан та харж байна уу? Бусдын алимны мод олон жилийн дараа ургацаа өгч байхад миний алимны мод дөнгөж тарьж байхад л жимсээ өгч эхэллээ шүү дээ гэв.

2011-12-15

Л.Өлзийтөгс - Шүлэг

Нүд чинь, харц чинь,
хацар чинь бүдгэрчихэж
Бүдгэрчихэж ээ!
Нүүр чинь хов хоосон
Энд миний үнсэх дуртай уруул байсан
Энд миний уйлуулах дуртай нүд байсан
Арилчихаж
Чи минь арилчихаж ээ!
Тэмтрэх харцанд нүүрний чинь гүнээс
Тэр бүсгүйн л дүр нэвт харагднам
Царайг чинь баллуурдаж үзэгдэхгүй болгосон
Цагаахан гар... гар л үзэгднэм
Надад байдаггүй алтан бэлзэг
Нарийхан хуруу, урт хумс..
Нүдийг чинь, уруулыг чинь, зүрхийг чинь энэ л гар
Нүцгэн алгаараа арччихжээ Чи минь

2011-12-13

Цэцэрлэг - Сургамжит өгүүллэг

Нэгэн баян хүний хашаанд зэрэгцэн ургаж буй нимбэгний хоёр мод байжээ. 5-р сарын сүүлээр цэцэглэн анхилам сайхан үнэр нь тэр хавиар тархаж, хавар болж байгааг хүмүүст мэдэгддэг байв. Нэг мод нь нөгөөгөөсөө давжаа, хэлбэр галбиргүй гэнэ. Тиймээс том мод нь үргэлж дорд үзэн, бардамнадаг байлаа. Гэрийн эзэн нимбэгний жижиг модыг цаашид ургахгүй, удахгүй хатна гэж бодоод бага усалж, арчилж тордохоо болив. Нэгэн удаа цаст уулын оройд ургадаг цэцгийн үр салхиар дамжин хашаанд унажээ. Гэтэл хашааг бүхэлд нь цардаж зөвхөн нимбэгийн моддын орчим хөрс үлдсэн байлаа.
Цэцгийн үрүүд нимбэгийн моддоос доор нь ургах зөвшөөрөл гуйжээ. Том мод биеэ ихэд тоон ийн хэлсэн нь: "Ийм зүйл хэзээ ч байж болохгүй. Хэрэв та нар миний ойролцоо ургавал би хатах болно." Гэвч үнэндээ том мод өөр зүйлээс болгоомжилжээ. Цэцэгс алаглан ургахад нимбэгийн модны цагаан шаргал цэцэг үзэмжгүй мэт харагдан, эзнийхээ анхаарлыг татахаа болих байв. Түүнд өөрөөс нь илүү сайхныг хүлээн зөвшөөрөх чанар байхгүй ажээ.

2011-12-10

Хэн нь баян бэ? - Сургамжит өгүүллэг

Нэг баян хүн хүүхдээ дагуулан хөдөө явжээ. Түүний зорилго нь хүмүүсийн ядуу тарчиг, хомс амьдралыг хүүдээ харуулах гэсэн юм байжээ. Тэгээд нэг үнэхээр ядуу айлд хонов. Хот руу эргээд явж байхдаа эцэг нь хүүгээсээ: "За тэгээд замд явах таалагдав уу?" гэж асуухад хүү нь "Тийм ээ, маш их таалагдлаа." гэж хариулжээ. "Ядуу амьдрал гэж ямар байдгийг хараа биз дээ?" "Тиймээ" "Тэгвэл чи энэ бүхнээс ямар сургамж авав?" "Манайх гэртээ ганц л нохойтой. Тэднийх 4 нохойтой. Манайх дөнгөж цэцэрлэгийн талыг эзэлсэн усан сантай бол тэднийх хэдэн зуун километр үргэлжилсэн гол горхитой. Манай цэцэрлэгт чийдэн байхад тэднийд од нь харагддаг. Манай гэрийн хамгийн том тагт урт цэцэрлэг хүртэл байхад тэднийх тэнгэрийн хаяа хүрдэг." Жаалхүүг ярьж байхад эцэг нь гайхсандаа ганц ч үг дуугарч чадсангүй. Төгсгөлд нь хүү, "Ямар ядуу амьдарч байгааг минь харуулж өгсөнд баярлалаа ааваа!" гэв.

2011-12-09

Титэм үг - Сайн хүнийг олж нөхөрлө

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Сайн шувуу модоо шилж сууна. Сайн хүмүүн хүнээ олж нөхөрлөнө гэх хуучны үг сургамжтай. Хүнийг нөхөрлөж буй хүнээр нь шинждэг нь аль ч үндэстэнд байдаг нийтлэг зүйл. Үүнийг монголчууд нөхрийг нөхрөөр нь шинж гэж хэлдэг. Хүнээ олж нөхөрлөх нь энэ яваа насны энэгшин ижилдэх эрхэм үйлсийн оргил билээ. Нэгэн биений нөхөр, нимгэн хувцасны нөмөр болох хүнээ таньж олох нь залуу хүн чиний хувьд амьдралдаа хийх амжилттай сонголтын нэг яах аргагүй мөн. Яагаад гэвэл нөхрийн сайнаар хүн өөдлөж, нуурын сайнаар загас жаргаж явдаг гэдэг. Хүн хүнийхээ хүчинд, загас усныхаа хүчинд байдаг болохоор ийм байх нь аргагүй ээ. Нөмөр сайтай гэр дулаан байдгийн адил нөхөр сайтай хүн нөмөр нөөлөгтэй байна.
Алаг хорвоогийн амьдрал баян болохоор аян замын уртад ачлах сайн нөхөр таарахын зэрэгцээ аман дээрээ сүрхий, ачир дээрээ базаахгүй нь ч уулзана. Тус болох нөхөр гурав, ус болох нөхөр гурав байдаг тухай дорнын нэгэн сэтгэгчийн сургаал бий. “Тус болох нь шулуун нөхөр, шударга нөхөр, ихийг дуулсан нөхөр болно. Ус болох нөхөр нь нүүр тал засагч, зусар бялангач, цуурхай задгай амт нөхөр болой” гэжээ. Тус болох нөхөртэй үй зайгүй найзалж, ус болох нөхрөөс үүдэн хоймрын зай барьж яв. Дайрч давшлан буй сөргөлдөгчөөс бүү ай. Чадаж байгаа үед чинь чамд бялдуучлагч найз нөхдөөс айж бай. Нөхрөө сонгохдоо хашир болгоомжтой ханд. “Урьдаар тэр хүн бусадтай хэрхэн нөхөрлөж байгааг нь мэдэж авсныхаа дараа чи түүнтэй нөхөрлө” гэсэн урьдын үг ул болоогүй байна. Өөнтөглөж харсан хүнд өө сэвгүй хүн гэж үгүй. Өөлөх муу талыг нь сонжихоосоо өмнө өөдтэй сайн талыг нь олж харж нөхөрлө. “Өөгүй нөхөр эрсэн хүн өнчин ганцаар үлдэнэ” гэж гүржүүд ярьдаг нь ортой. Цагийн шалгуурын цаана нь гарч цаглашгүй түшигт нөхрөө таньсан бол нөхөр журмыг нөхөрсөгөөр сахих нь андын ёсны ариун үйл болно. Нөхрийн журмыг сахих гурван зүйл байдаг гэж “Барсан хэвнэгт баатар” хэмээх алдарт зохиолыг туурвисан Шота Руставели захиж үлдээсэн байна. “Нөхцөхөө хүртэл хамт, салж үл хагацах; харамын сэтгэлээ гээж, байгаа бүхнээ зориулах; хаа холоос ч ялгаагүй зохих цагт нь туслах”.
Хорвоогийн амьдрал эрээн бараан, гэрэл сүүдэртэй, жаргал зовлон ээлжлэн, эрээлжлэн ирж, буцдаг нь хэн хүний дайран өнгөрөх зам. Жаргалтай үед ойр байсан нөхөр зовлон зүдгүүрт орхихгүй цуг хамтдаа бол тийм хүнийг чи эрхэм нөхрөө гэж бод. “Биднийг наранд явахын цагт хуурамч нөхөд сүүдэр мэт бараадан явна. Харин сүүдэрт орохын цагт хаяж алга болно”. Ийм хуурамч нөхдийг эрт танивал сайн, эртхэн холдвол бүр сайн.

2011-12-08

Р.Чойном - Нэр нь тодорхойгүй шүлэг

Саарал борооны үзүүр тэртээд цайрч
Сайхан санагдахгүй байна, гунигтай байна
Нэг өглөө сэрэхэд хавар болсон байгаасай
Номнуудаа цүнхэлж аваад гэртээ харих юмсан
Цэлийсэн тал нутгаа харж санаа алдаад
Цээж дүүрэн амьсгалж маргааш болтол бөх унтахсан
Цэв цэнхэр тэнгэр, алтан нараа үзэхсэн
Цээжээ онгойлгож тэгээд үдэш болтол уулан дээр суухсан

2011-12-07

Титэм үг - Эд хөрөнгө зоригтой хүнийг дагана

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Эд хөрөнгөтэй хүн гурван төрд нүүртэй гэх үг бий. Хөрөнгө мөнгөтэй, том нөлөөтэй тод мөртэй хүнд хандах нийгмийн хандлага, хүндлэх хүндлэл тэс өөр, бүлээн дулаан, эевэргүү зөөлөн. Хөрөнгө, мөнгөтэй болох нь хүн бүхний мөнхийн хүсэл мөрөөдлийн нэг яах аргагүй мөн. Гэхдээ эд хөрөнгө хүсэл дагаад өөрөө урсаад хүрээд ирдэггүй нь гачлантай. Хүн бүрт тэнгэр бурхнаас хайрласан хүртэх тавилантай хувь хишиг бий гэж ярьдаг.
Баян ядуу хоёр, айл саахалт зэрэгцээд байж байгаагийн учир шалтгааныг үүнтэй холбон тайлбарлах хүмүүс цөөнгүй. Чи баян цатгалан байх уу, ядуу тарчиг амьдрах уу гэдгийг төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гариг нь зураад заагаад өгчихдөг гэх номлол сургаалыг бишгүйдээ л нэг сонссон байлгүй. Хувь тавилангийн зааж зурчихсан замаас гажих займчих, өөрчлөх тэгшлэх аргагүй гэж бодож итгэн, төөрч мунгинаж яваа хүмүүс өч төчнөөнөөрөө. Ялангуяа өөрт учирсан азгүй тохиолдол бүрийг хувь тавилангийн зурлага мэтээр хүлээн авч, тэрхүү хуурмаг итгэлдээ хүлэгдэн боолчлогдсон байх нь харамсмаар.

2011-12-03

Эхийн хайр - Сургамжит өгүүллэг

Love
Бяцxан охин мэдээ орсон цагаасаа эхлэн ээжийн халамж хайранд умбаж өссөн бөгөөд ээж нь түүнийг Цасангоо гүнжээс илүү хөөрхөн гэж хэлдэгт итгэдэг байжээ. Охин цав цагаан царайтай, мойл хар нүдтэй гэнэ. Харин сургуульд ороход нь бүх зүйл өөрөөр эргэжээ. Хүүхдүүд түүнийг хөөрхөн байтугай харин ч царай муутай гэж хэлдэг болов. Охин эхлээд түүнд итгэсэнгүй. Учир нь бүгд л бие биедээ атаархдаг байлаа. Гэвч он жил өнгөрөхөд бодит байдалтай тулгарчээ. Ээж нь нялх хүүхдийнх шиг гэж өхөөрддөг арьс нь хөгшин хүнийх шиг үрчлээгээр дүүрэн, мойл хар нүд нь хялар байлаа. Нуруу нь хус шиг шулуун биш ажээ. Ээж нь түүнийг энэ олон жил хуурчээ. Залуу охины ээжийгээ хайрлах сэтгэл нь үзэн ядалтаар солигдлоо. Гэрлэх нас болсон ч түүнийг тоох хүн байсангүй. Дээр нь хичнээн их эмчлэвч нүд нь засрахгүй байлаа. Нэгэн удаа эмч нарын яриаг нууцаар сонсоод аажмаар хараагүй болохоо мэдсэн охин одоог хүртэл багынх шиг нь хэвээр өхөөрддөг ээжийнхээ худал яриаг тэвчилгүй гэрээсээ явахаар шийдэв. Гэвч ээж нь өөр хотод ажиллахаар болсоноо хэлээд түрүүлээд гэрээсээ явав. Олсон мөнгөө найздаа илгээн охиноо сайн харж хандаж байхыг хүсэв . Бүсгүй хэсэг хугацааны дараа хараагүй болж харанхуй дунд амьдрах болжээ. Худалч ээж нь түүнийг үхсэн ч харамсахгүй мэт алга болжээ. Нэг өдөр түүнд эмч нар тохирсон хос нүд олсоноо хэлээд мэс засал хийв. Бүсгүй дахин хардаг болоод өнөөх л муухай царайгаа харна гэж бодохоос айж байсан ч алтан нарыг ахин харахыг илүү их хүсчээ. Мөн бусдад дараа болохгүй амьдрах байв. Хагалгааны дараа өөрийгөө толинд хараад гайхан дуу алдав. Түүний өмнө энэ дэлхийн хамгийн гоо бүсгүй зогсож байлаа. Нүүрэн дээрх батга оргүй алга болж монхор хамар нь засарч зэрлэг өвстэй төстэй ширүүн үс нь долгиолон намирч байв. Урьдахаасаа илүү өндөр болжээ. Бүсгүй дэргэдээ байсан настай эмчийг тэврэн авч ; - би энэ дэлхий дээр дахин төрсөн мэт байна! Миний нүүрний өө сэв үлдсэнгүй. Та нар гоо сайхны хагалгаа хийсэн юмуу ? хэмээн асуулаа. Эмч хариуд нь; - Үгүй ээ охин минь зөвхөн ээжийн чинь нүдийг шилжүүлэн суулгасан юм. Тэр надад хэрэггүй гэсэн юм хэмээн инээмсэглэн хэлжээ.

Дурласан хүн солиотой, сохор байдагийн учир - Сургамжит өгүүллэг

Дурлал
Энэ дэлхий дээр хүн төрөлхтөн үүсч бий болохоос өмнө хүний сайн, муу зан чанарууд юу хийхээ мэдэхгүй дэмий сэлгүүцдэг байжээ. Нэгэн өдөр хэн нэгэн нуугдаж тоглох санал гаргасанд бүгд зөвшөөрсөн байна. Гэтэл солиот би олъё гэсэнд түүнийг хайж олоход хэн ч хүсээгүй учир бүгд зөвшөөрчээ. Солиот модонд нүүрээ наан тоолж эхлэхэд: Гэнэн зан модны ард, Зориг хамгийн өндөр модонд, Хайр тэнгисийн мандалд, Шударга кактусын талбайд нуугдахад, Худал хуурмаг чулууны ард нуугдана гэчихээд нэг уулын ард нуугджээ. Солиот 86,87,88,89…. гээд тоолсоор байв. Гэтэл дурлал ганцаархнаа нуугдаагүй үлджээ. 91,92,93…. дурлал сандран гүйсээр сарнайн цэцгийн талбайд нуугджээ. ….98,99,100 Солиот тоолж дуусаад эргэж хараад хамгийн түрүүнд Залхуу занг олов. Тэр модны доор унтаж хоцорсон байлаа. Дараа нь Шударгыг кактусын талбайгаас, модны араас Гэнэн занг гэсээр дурлалаас бусад бүгдийг нь олов. Дурлалыг олоогүйдээ галзууртлаа уурлаж, бүх газрыг нэгжсэн боловч түүнийг олсонгүй. Атаач зан дурлалд атаархан сарнай цэцгийн талбайд нуугдсан гэж солиотын чихэнд сэмхэн шивнэжээ. Солиот гартаа жад бариад тийшээ гүйж, дурлалыг хармагц уурлаж, түүн рүү шидтэл нүдийг нь оночихов. Тэгээд үнэхээр их харамсаж “Би юу хийчих нь энэ вэ?” яах вэ? гэж сандрахад нь: Дурлал “ Нэгэнт чи миний нүдийг эргүүлж өгч чадахгүйгээс хойш амьдралын минь туршид хөтөч минь бол” гэжээ. Тэр цагаас хойш дурласан хүн сохор юм шиг болж, юу ч хийхээс буцахгүй солиотой болдог болжээ.

2011-12-02

Аз жаргалын түлхүүр - Сургамжит өгүүллэг

Аз жаргал
Нэгэн худалдаачин аз жаргалын нууцыг олж мэдүүлэхээр хамгийн мэргэн ухаантай хүн рүү хүүгээ явуулжээ. Залуу хүү 40 хоногийн турш элсэн цөлийг гатлан туулж явсаар толгодын дээр сайхан харш байхыг олж хараад тийшээ очжээ. Хайж явсан мэргэн нь энд амьдардаг байв. Мэргэнтэй уулзах гэсэн хүмүүс харшаар дүүрэн байлаа. Энэ харш хүүгийн бодож байсан шиг тийм сайхан үзэсгэлэн төгс харагдахгүй л байлаа. Хүү бүтэн 2 цаг хүлээж байж сая мэргэн ухаантантай уулзах завшаан олжээ. Хүүгийн зорьж ирсэн хэргийг анхааралтай сонссон ухаантан асуултанд хариулах тийм их цаг алга гээд хүүг харшийг үзэж танилцаад 2 цагийн дараа ир гэжээ. Гэхдээ "Өөрөөс чинь нэг зүйлийг хүсье!" гээд хүүгийн гарт бага зэрэг шингэн тостой халбага өгөөд "Ордоноор зугаалж байхдаа халбагатай тосоо асгаж болохгүй" гэж анхааруулжээ.

2011-12-01

Ид Шид ямар үнэтэй вэ? - Сургамжит өгүүллэг

Сэлли охиных өнөр отгон олуулаа нэг умгархан байранд амьдардаг айл билээ. Сэлли охины бяцхан дүү нь маш хүнд өвчтэй бөгөөд тэднийд хөөрхий хүүг эмчлүүлэх мөнгө байсангүй. Сэлли охин нэг удаа аавынхаа "Хүүд минь одоо ид шид л туслана даа" гэж хэлээд санаа алдахыг сонслоо. Үүнийг сонссон Сэлли охин өрөө рүүгээ гүйн орж мөнгө цуглуудаг бяцхан гахайгаа хага цохиод байгаа бүх мөнгөө аваад ойролцоох эмийн сан руу хар хурдаараа гүйлээ. Охиныг очиход эмийн сан хүн ихтэй байв. Бяцхан охин эмийн санчийн анхаарлыг татах гэж нэлээн тэвчээртэй хүлээсний эцэст

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.