2011-11-30

Титэм үг - Үнэн юм үнэнээрээ сайхан

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Залуус та нар үнэн, худлыг ялгаж салгаж сурахыг хичээ. Нэг зүйлийн талаар тэс өөрөөр ярьж байвал нэг нь үнэн нөгөө нь худал байх магадлалтай. Цаг хугацаа бүхний шалгуур байдаг болохоор үнэний шалгуур мөн л цаг хугацаа. “Хугацаа өнгөрөх тусам аливаа үнэн илэрдэг” юм.
Үнэний хамгийн маргашгүй бол энгийн, тодорхой байдал мөн.
Худал ямагт нарийн, дэндүү гоёмсог бөгөөд нуршмал байдаг гэж бичгийн их хүн Л.Н.Толстой үнэн худлыг зааглах аргыг хэлж зааж өгсөн байна.
Энэ арга үнэн худлыг төгс зааглаж өгөх боломжгүй мэт чамд бодогдож магад. Тэгсэн ч үнэн худлыг ялгаж салгах боломж өөрт чинь бий. Үнэн үү, худал уу гэдгийг өөрийн ухаанаар тунгаан бод. Үзсэн харсан, дуулсан сонссон бүхэн чинь үнэн худлыг ялгахад тус болно. Юм үзэж нүд тайлсан хүнд үнэн худлын зааг ялгааг тогтоох чиг баримжаа тогтсон байна. Боловсрол мэдлэг чинь болох болохгүйг зааглахад тусладагийн адилаар үнэн худлыг ялгахад мэдээж туслана. Итгэл үнэмшил чинь үнэний хөтөч болно. Гэхдээ сохор итгэл нь биш. Үнэн худлыг ялгахад өөрийн чинь төрөлх мэдрэмж илүү тус болно. Үнэн худлыг ялгах нь юунд хэрэгтэй юм бэ? Үнэний төлөө тэмцдэг, үнэнийг дагадаг, үнэнийг ярьдаг, үнэнийг хүндэтгэдэг, үнэнийг биширдэг, амьдрал чинь бүхэлдээ үнэн байхын тулд чи үнэн худлыг ялгаж сурах хэрэгтэй. “Үнэн бол бидний хамгийн үнэтэй хөрөнгө зоорь. Түүнд ариг гамтай хандацгаая” гэж их зохиолч Марк Твен уриалсан байна. “Үнэнд дуртай хүнд яруу найрагч юм уу аугаа их хүн байх хэрэгцээ үгүй. Тэрээр өөрийн зүгээс аливаа чармайлт гаргахгүйгээр яруу найрагч, аугаа их хүн байдаг”. Аль ч залуу хүн “түүний амьдралд худлаа юм үнэхээр байхгүй” гэж хэлэгдэхээр амьдрахыг хичээх хэрэгтэй. Хатуу ширүүн ч гэсэн зөвхөн үнэнийг ярьж байхыг амьдралдаа мөрдлөг болго. Хатуугаар илэрхийлэгдсэн ч бай, үнэн нь хэнд ч аймшигтай байх ёсгүй гэдгийг мэд. Хэрэв тэр бүр үнэнийг ярьж болохгүй бол худал хэлэх хэрэгтэй юм байна гэсэн хэрэг огт биш гэдгийг санаарай.

2011-11-28

Өглөөний шуудан

Өглөө болгон эртлэн босч
Өндөр тэнгэрийг бvрэн харж бай
Оггоргуй хурмаст уужмын хутгаа
Оюун ухаанд чинь хайрлах болно
Орой болгон нэгийг санаж
Одот ертөнцийг хүндэтгэн харж бай
Эрхэст гариг үзэсгэлэнт сүлдээрээ
Үүрд таныг хайрлах болно
Алтан нарыг мандах тоолонд
Алаг зүрхнээсээ догдлон харж бай
Эндэгдэлгvй дэвжихийн учир тавилангаар
Эрдэнэт бөмбөлөг гийх болно.
Ухаант хүн та хаана ч явсан
Уулын оргилыг хvндэтгэн харж бай
Баян буурал хангайн хишгээр
Бат түвшин явах болно.
Учирсан бүхнийхээ нүүр царайг
Уяхан даруухан инээмсэглэн харж бай
Өнөр өтгөн урт удаан наслах
Өлзий буян бүрдэх болно

2011-11-25

Титэм үг - Эвлэвэл Бүтнэ

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Та бидний ухаант дээдсээс марталгүй санаж, мөнхөд бодож явахаар захиж үлдээсэн, “Эвлүүлбэл эвэр туурай ч нийлнэ. Эвгүйтвэл элэг бөөр ч нийлэхгүй” гэх чухлаас чухал нэг сургаал бий. Энэ сургаалийг бие сэтгэлээрээ мэдэрч илүү ихээр ухаж ойлгох цаг үе ирлээ. Эвгүйтэх үе элгэн садны хооронд ч, эхнэр нөхөр хоёрын хооронд ч, эх орон нэгтний дунд ч тохиож болох. Эвгүйтлийг гэтэлж, эвлэн зохицож чадах эсэх нь уужуу бодол, ухаалаг алхам, учрыг олж, хужрыг тунгаах чадвараас шууд хамаарна.
Хэн хэн нь хэзээ хэзээнээс илүү уужуу бөгөөд ухаалаг байцгаая. Малын толгойн төгсгөлд эвэр, хөлийн адагт туруу байж, хоёр туйл болон оршдог ч нэгэн биений эд эс, эрхтэн бүтэц мөн билээ. Түүнтэй нэгэн адил монгол хүмүүс хоорондоо зөрөлдөж хоёр туйлд очин холдох үе ирэх ч нэг үндэстний эд эсийн хувьд нэгдмэл нэг цогц мөн гэдгээ ухаарах ёстой. Эвлүүлбэл малын хоёр туйлд байгаа эвэр туурай ч нийлж болдог юм чинь эвлүүлбэл хоёр туйлд зогсох ухаант хүмүүс нийлж л таарна. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг. Хоёр туйлд, хэрсэн бух шиг шороо цацлан урамдаж зогсоод эвлэн нийлнэ гэж үгүй. Холын зайгаа ойртуулж, хоёр биенээ ойлголцож хэл амаа олж, хэрэлдэн маргалдаж, хэдэрлэн зогсох биш, хэлэлцэн зохицож, хэрэг явдлаа шийдэж байж нэгэн зүгт явах өргөн дардан зам дээр нэгэн зэрэг гарч ирнэ.

2011-11-24

Л.Өлзийтөгс - Хүлээлт

Гадаа зогсоод л баймаар
Нүүрээн тэнгэрт л харуулан
Зогсоод баймаар цасанд мод шиг даруулан
Зогсоод л баймаар
Царай зүсэнд минь
Цагийн төрх тодортол
Зогсоод
Зогсоод л баймаар
Улаан алчуураа
Цагаан болтол
Зогсоод л баймаар
Урсатлаа
Урсаад арилтлаа
Бороонд зогсоод л баймаар
Чиний үнэрийг авч явсан салхи
Авчирч өгөхөөс өөр
Аргагүй болтол нь
Зогсоод л баймаар
Ирэхгүй гэдэг үг
Ичээд нуугдтал
Зогсоод л баймаар
Ирэх замыг чинь зөөллөн
Элс болон бутартлаа
Зогсоод
Зогсоод л баймаар

2011-11-23

Титэм үг - Залхууг зайлуулъя!

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Багабанди
Дайсантайгаа хайр найргүй тэмц. Дайснаа ялж байж чи хүний дайтай хүн явна. Чиний амьдралын замд хөнөөгч дайсан мундахгүй хөндөлсөнө. Дайсан ил далд, гадна дотор хаа сайгүй бий. Хүний амьдралд гаднаас учруулах аюулаас дотроос хөнөөх атаатан илүү хорлонтой. Гадны аюул шууд заналхийлдэг бол дотоодын дайсан зугуухан мэрж доройтуулна. Дотроос хөнөөх атаатан тийм ч цөөн биш.
Тэрхүү атаатныг хүн өөрөө зохион бүтээж, өсгөн торниулж, өөрийнхөө эсрэг турхирах нь гол гонсойм харамсмаар. Хүний амьдралын дотоод дайснууд дотроос адгийн хорлогч нь залхуурал билээ. Гадаа хэвтсэн төмөр дотроо зүгээр байвч гаднаасаа зэвэнд идэгддэг бол залхуурч хэвтсэн бие гаднаа зүгээр мэт байвч дотроосоо зэвэнд баригддаг юм.

2011-11-22

Эгчийгээ санах юмаа

Хаврын салхиар сэтгэлээ тээгээд
Хацрыг минь та зөөлхөл илбэв үү?
Тэнгэрт гялалзах оддын дундаас
Тэргэл цагаан гэрээ санаж байна уу? Та

Нэг аяга сүүний үнэ - Сургамжит өгүүллэг


Хорвард сургуулиасаа ирээд л ямар нэг юм худалдаж өл залгахаар явдаг байлаа. Мэдээж түүний зарах юм хүмүүст тийм ч хэрэгтэй биш болохоор тэр бүр амжилттай биш. Өнөөдөр тийм азгүй өдөр ажээ. Өлсөж ядарсан хүү аргаа барж айлаас идэх юм гуйхаар шийдэж нэг хаалга тогшвол үе тэнгийн хөөрхөн охин хаалга тайлав. Ичиж зовсон Хорвард идэх юмны оронд ус гуйлаа. Харин охин бүхнийг ойлгож байсан тул аяга сүү авчирч өглөө.
Хүү сүүг удаан уугаад хармаандаа байгаа юунд ч хүрэхгүй 10 центээ тэмтрэн хэдийг төлөх вэ? гэхэд охин “Хэрэггүй ээ. Ээж минь хийсэн сайн үйлийнхээ төлөө мөнгө авахгүй байх ёстой” гэж сургасан юм гэжээ. Хорвард чин сэтгэлээсээ талархал илэрхийлээд явлаа.Он жилүүд урсан өнгөрч Хорвард бага сургууль, лицей, их сургуулиа төгсчээ. Цаг хугацаа урссаар л. Алдартай Жонс Хипконсын их сургуулийн доктор Хорвард Келлигийн удирддаг эмнэлэгт нэгэн хүнд өвчтөн иржээ. Бусад эмнэлэг эмч нар эмчлэх байтугай оношилж чадаагүй аж.

Агуу сэтгэл - Сургамжит өгүүллэг

Түүнд илүү ч үгүй дутуу ч үгүй яг л нэг доллар наян долоон цент байв. Делла мөнгөө гурван ч удаа тоолов. Гэвч яг л нэг доллар наян долоон цент байв. Гэтэл шинэ жил гарахад ердөө л ганц хоног үлджээ. Делла 7 хоногт 8 долларын хөлстэй, тавилгатай өмгөр өрөөнд амьдардаг байжээ. Тэр байр нь тийм гэхийн тэмдэггүй ядуу ажээ. Нулимсаа арчиж дууссаны дараа Делла нүүрэндээ бага зэрэг энгэсэг түрхээд цонхоороо арын талбайн хашаан дээгүүр явж байгаа муурыг дэмий л гөлрөн зогсов. Маргааш нь шинэ жил болох гэж байхад хайртай нөхөртөө бэлэг авах ердөө л нэг доллар наян долоон цент л байлаа. Уул нь энэ мөнгөө хэдэн сарын өмнөөс л юм юмнаас илүүчлэн цуглуулжээ. Гэвч энэ нь ямарч бэлэг авахад хүрхээргүй байв. Хайрт Жимдээ авч өгөх бэлгийнхээ талаар бодон баярлах үе ч цөөнгүй байлаа. Делла цонхноос холдон толины өмнө очив. Түүний баярласандаа болоод гялалзаж байсан нүд нь 20секүүндийн дараа ор мөргүй алга болов. Овоолон шуусан үсээ задлахад мөрөн дээгүүр нь урсан орж ирэв. Тэр хоёрт бахархан хайрладаг 2 зүйл байдаг байлаа. Нэг нь Жимийн өвөг дээдсээс үлдсэн алтан цаг, нөгөө нь Деллагийн нурууг даган урсах урт үс байлаа. Деллагийн алтан шаргал үс нь мяралзан урсах гол адил тахимаа хүртэл урсаж, ар нурууг хучив. Агшин зуур тээнэглзэх мэт зогсов. Шалан дээр дэвссэн халцархай улаан хивсэн дээр хэдэн дусал нулимас унав. Нулимсаа хатаж амжаагүй байхад Делла ухасхийн гадагш гарав. “ММ.Софроний Бүх төрлийн үс худалдаж авна” гэсэн гарчигтай хаалганы өмнө зогсов. Шууд л дотогшоо ороод “Үсийг минь худалдаж авахгүй биз?” гэж асуув. Эзэн авхай үсийг нь нийлээн барьж, харж үзснээ “20 доллар” гэв. Делла ч “За тэгвэл хурдал” гэв. Делла өөрийн хайсан бэлгээ олох гэж нэлээд юм болов. Арай гэж хайсан зүйлээ олов. Цагны алтан гинж. Үнэхээр Жимийн тэр цаганд нь тохирсон сайхан гинж байлаа. Гэртээ очоод толины өмнө зогсов. Бэлэг нь Жимд таалагдах болтугай гэж залбирав. Тэгж байтал хаалга онгойн Жим орж ирэв. Хайр дүүрэн нүдээр Делла руу харангаа бэлгээ өгөв. Хайрцгийг онгойлгон харахад урт үстэй байхдаа авах юмсан гэж үргэлж мөрөөддөг байсан хос даруулга байлаа. Гэвч энэ одоо хэрэггүй болсон байв. Нүдээр нь дүүрсэн нулимс, сувдан хэлхээ адил асгарав. Гэвч түргэн зуур арчин өөрийн бэлгээ сунгав. Жим бэлгээ нээгээд цагны алтан гинжийг харав. Гэвч одоо түүнд энэ алтан гинжийг зүүх цаг нь байхгүй болжээ. Учир нь Деллагийн мөрөөдлийн хос даруулгыг авахын тулд заржээ. Сэтгэлээр унасангүй… яагаад гэвэл тэр хо ёрын дунд худалдаж ч, худалдан авч ч болшгүй агуу их, ариун гэгээн хайр сэтгэл байлаа...

2011-11-19

Давстай кофе

Coffee
Үдэшлэгийн үеэр тэд хоорондоо анх танилцжээ. Бүсгүй үнэхээр хүний харааг булаасан сайхан эмэгтэй байв. Олон ч эрчүүд түүнийг өдөж хоргоож байв. Залуу харин өөрөө хэний ч нүдэнд торохооргүй энгийн л нэгэн, түүнд хэн ч анхаарлаа хандуулсангүй. Үдэшлэг тарсны дараа нөгөө залуу бүсгүйг хамт сууж кофе уухыг санал болгоход бүсгүй дотроо хичнээн дургүй байсан ч эелдэг зан гаргаж зөвшөөрчээ. Тэд нэгэн тохилог газар кофе уухаар суухад залуу маш их сандран юу ярихаа ч мэдэхгүй дуугүй л суугаад байв. Харин бүсгүйд их л тохьгүй санагдан хурдхан шиг гэртээ харихыг л дотроо тэсч ядаж байв. Гэнэт залуу зөөгчөөс кофендээ нэмэх давс авчирч өгөхийг хүслээ.


Бүгд түүн рүү гайхсан нүдээр ширтэж, залуугийн нүүр ч ув улаан болсон хэдий ч авчирсан давсыг кофендээ хийн ууж орхив. Бүсгүй ихэд гайхан түүнээс яагаад давстай кофе уудгийг нь асуухад залуу - Намайг жаахан хүү байхад манайх тэнгисийн эрэг дээр амьдардаг байлаа, би тэнгисийн усанд орж тоглох их дуртай байсан. Одоо харин давстай кофе уухаар тэнгисийн ус санаанд ордог юм. Тэгээд бас хүүхэд насаа, төрж өссөн газраа, одоо хүртэл тэнд амьдарч байгаа аав ээж хоёроо маш их санадаг гэж хариулав. Ингэж хэлэхдээ залуугийн нүд нулимс нь цийлэгнэж ирэхэд бүсгүйгийн сэтгэл ихэд хөдлөв. Яагаад гэвэл сэтгэлийнхээ угаас гарч ирэх үгийг түүнд нууж хаасангүй, гэрээ маш их санадаг нь мэдэгдэж байв, залуу гэртээ хайртай, гэрийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарладаг нэгэн болох нь илт байлаа. Үүний дараа бүсгүй ч бас гэр бүл, гэр орон, хүүхэд насныхаа талаар маш их зүйл ярив. Энэ ярилцлага маш давгүй ярилцлага болсон төдийгүй, тэр хоёрын цаашдын гайхалтай түүхийн эхлэл байжээ. Тэд үүнээд хойш болздог болжээ. Үүний дараа залууд өөрийнх нь хайж байсан шаардлагууд бүгд байгааг бүсгүй олж мэдэв. Тэр хүлцэнгүй, сайхан сэтгэлтэй, халамжтай, сайн хүн байв. Давстай кофе байгаагүй бол бүсгүй түүнийг бараг алдахаа дөхсөн байв. Дараа нь тэр 2 гэрлэж аз жаргалтай он жилүүдийг өнгөрөөж байв. Нөхөртөө кофе хийж өгөх болгондоо давстай кофенд дуртай гэсэн болохоор нь бага зэрэг давс хийдэг байв.

40 жилийн дараа нөхөр нь өөд болохдоо түүнд захиа үлдээсэн байв. Захиандаа -Хайрт минь, намайг уучлаарай, бүхий л амьдралдаа худал хэлсэн үгийг минь. Чамд цорын ганц удаа худлаа хэлсэн тохиолдол минь давстай кофе байсан юм. Биднийг анх болзоход давс гэж хэлж байсныг минь санаж байна уу, үнэндээ бол би элсэн чихэр гэж хэлэх гэж байгаад сандарсандаа давс гээд андуурчихсан. Тухайн үедээ эвгүй байсан учраас давстай кофег тэр чигт нь уучихсан. Тэр явдал бид хоёрын харьцааны эхлэл байна гэж төсөөлөө ч үгүй. Гэрлэлтийн он жилүүддээ би олон удаа чамд үнэнийг хэлэхийг бодож байсан ч чамд хэзээ ч худлаа хэлэхгүй гэж амласан учраас зориг минь хүрдэггүй байлаа. Би одоо үхэж байна, тийм учраас би юунаас ч айх шаардлагагүй болжээ, үнэнийг хэлэхэд би давстай кофенд дургүй, их сонин муухай амттай. Тэгсэн ч гэсэн би бүх л амьдралынхаа туршид давстай кофе уусан. Чамтай цуг байх нь миний амьдралын хамгийн том баяр баясгалан байлаа.Надад 2 дахь удаагаа дахин амьдрах боломж олддогсон бол чамайг мэдэж, чиний хажууд хамт байхыг л хүсэх болно, давстай кофе уусан ч хамаагүй.. Уншиж дууссаны дараа эхнэр нь захиагаа нортол уйлж билээ. Дараа нэгэн өдөр нэг хүн түүнээс давстай кофе ямар амттай байдаг вэ? гэж асуухад, маш амттай гэж хариулж билээ.

2011-11-18

Сайхан сэтгэлээр сайн үйл хий!

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди


Багабанди
Өөрийн амиа хутганы ирэн дээр аваачин байж усны аюулаас хэд хэдэн монгол хүнийг аварсан жирийн сайхан орос эрчүүлд медаль гардуулан өгсөн тэр нэгэн мөч миний санаанд тодхон үлджээ. Медалиа зүүлгээд “их баярлалаа” гэснээ “бүгдийнх нь амийг аварч чадаагүйдээ туйлаас их харамсаж байдаг юм даа” гэж халаглан хэлсэн үг нь санаанаас гардаггүй юм.
Гадаад орны төрийн медаль хүртээд баярлахаасаа илүү амийг нь аварч чадаагүй тэр хөөрхий хүний төлөөх харууслыг сэтгэлдээ тээн, харамсаж явдаг нь түүний харц, дууны өнгөнөөс ив илхэн, тов тодхон харагдаж, сонсогдож байсан.
Өөрийн амиар дэнчин тавьж, үерлэн эргэлдсэн том голоос хаа хамаагүй, замд таарсан, үл таних, харийн хүмүүсийн амийг аварч, бас аварч чадаагүй хүнийхээ төлөө харамсаж явна гэдэг нь тэдний хүний мөс, хүн чанар, өндөр ёс суртахууны бодит хэмжээсийг ямар ч нэмэлт тайлбар сурталчилгаагүйгээр илэрхийлж байгаа хэрэг юм. Тэд сайхан сэтгэлээр, сайн үйл хийжээ. Хүний төлөө сэтгэл зүрхээ зориулж хийсэн буянтай үйл болгон үнэ цэнэтэй. Харин бусдын төлөө буянтай үйл хий гэж албадан шахах нь тийм ч гайхуулмаар сайн зүйл биш. Яагаад гэвэл “албадмал буянт үйл өөрийн бүх үнэ цэнийг алддаг юм”.
Чиний эрхэлж буй ажил үйлс чинь өөдрөг сайн байгаа юу? Хамтран зүтгэгчид, удирдлагын зүгээс ажлыг чинь хэрхэн үнэлдэг вэ? Хийсэн бүтээсэн болгоныхоо үр дүнд сэтгэл тэнүүн, ханамжтай байж чадаж байна уу? Энэ асуултуудад өөрөө чин үнэнээр нь хариулах гээд бодоод үз. Хангалттай бус, сайн биш гэж бодогдвол шалтгааныг нь даруйхан хайж ол. Тэгэхдээ бурууг бусдаас хайлгүй эхлээд өөрийн буруу зөрүүг сайтар тунгаа. Олон, олон учир шалтгаан тодроно байх. Хийсэн ажлын чинь үр дүн тааруу байвал нэг л зүйл түүний үндсэн шалтгаан нь болсон байдаг нь анзаарагдана. Үнэн сэтгэлээ өгч хийгээгүй ажил үйл бүхний үр дүн үжиршиж урагдах дөхсөн бөс даавуутай адил хэврэг байдгийг чи аяндаа ойлгоно. Тиймээс том бага гэлтгүй аль ч ажилд ухаанаа зарахаас дутуугүй сэтгэлээ шингээж төгс сайн хий.

2011-11-17

Б.Ичинхорлоо - “Чамдаа”

Тэртээх хаврын өдрүүдийнх шиг хөтлөлцөөпд нэг алхмаар
Тийм яруухан мөч хүлгийн төвөргөөн шиг нижигнэн
Уйтай сэтгэлийн минь аниргүйг сэрээн уулга алдан айсуй
Үгүй дээ хайрт минь би мартаж чаддаггүй
Үнэндээ чи ч бас мартагдхыг хүсдэггүй
Харцны чинь гэгэээнд шүлэг тэрлэж явхад
Хаврын шувуудын дуун эцээд болдоггүй ээ
Заяа заяагаа дагасан тавилан гэж байхаас
Зайгүй дотнохон сэтгэлд хагацал гэж байдаггүй
Мянган хунгийн жигүүрийн салхинд сэмрэх
Мяндсан үүл шиг хэврэгхэн сэтгэл надад байдаггүй
Орь залуу нас хийгээд гуниг уйтгарын тухай
Одоо би шүлэглэхээ больсоон
Өтгөн мөчирт зугаацаж ханаад гургалдай нисэж одох мэт
Өнгөрч холдсон дурсамжаасаа аажуухан залхах болсон
Чиний тухай мөрөөдөж ханасаан амраг минь
Цээжиндэх нууцаа задлахыг чинь харин хүлээхгүй
Аянч хун нуурын толионд буух адил
Алжааж хүлээсэн цаг мөчүүд миний мэдэлд ирлээ
Мянган жил өнгөрөвч шинэхэн байх үгийг
Магад одоо л хэлье ЧАМД БИ ХАЙРТАЙ !

2011-11-12

Чимээгүй хайр - Сургамжит өгүүллэг

Хайр
Гэр бүлийн уламжлалаа бодоод охиноо ядуу хүнтэй амьдарвал насан туршдаа зовно гэж үздэг учраас эцэг эх нь охиноо найз залуутай нь уулзуулж учруулахыг хориглодог байлаа. Гэр бүлийн шахалт дарамтаас болж хайртай хос цаг үргэлж л муудалцана. Охин найз залуудаа дэндүү хайртай ч түүнээс цаг үргэлж "Чи надад тэгээд хэр их хайртай юм бэ?" гэж асууна.
Харин залуу үг дуу цөөтэй учраас уурыг нь тэр дор нь л хүргэж орхино. Гэр бүлийнхээ асуудлаас болж охин түүнд байнга л уурлах боловч найз залуу нь дуугүй л байдаг байлаа.
Хоёр жилийн дараа залуу сургуулиа төгсөж, гадаадад үргэлжлүүлэн суралцахаар болов. Явахынхаа өмнө найз охинтойгоо уулзаж "Би үг хэлэхдээ тийм сайн хүн биш л дээ. Гэхдээ би ганцхан зүйлийг л мэдэж байна. Би чамд хайртай. Хэрэв зөвшөөрвөл үлдсэн амьдралаа надтай хамтдаа өнгөрүүлээч? Гэр бүлийн чинь төлөө чадах бүхнээ хийхээ амалъя. Надтай гэрлээч?" гэжээ.

2011-11-10

Ц.Хулан - Ганцхан ээждээ унших шүлэг /1994 оны Болор цомын тэргүүн шүлэг/

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий минь та
Газар дээр хэчнээн увидастай төрсөн юм бэ?
Баривчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдийг хүртэл та оёдолчин явлаа
Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй
Орон дээрээс минь алгасалгүй тонгойж
Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
“А” үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш минь
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж маань уншсан лам аа…

2011-11-04

ТИТЭМ ҮГ - Нөхрөө Харж Биеэ Зас

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Багабанди“Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хор” гэх монгол үгийг хүн бүр цээжээр мэддэг мөртлөө амьдралд мөрдөхдөө алданги ононги. Сайн нөхрийг дагасан хүн түнэр харанхуйд ч сар саруулд яваа хүн шиг саад тотгоргүй зорьсон газраа хүрнэ. Ханилж түшсэн нөхрөөр нь чи чухам хэн бэ гэдгийг сонжин таних нь аль ч үндэстэнд байдаг нийтлэг шалгуур. Сайн хүнтэй нөхөрлөгч өөдлөх замаа засна.
Өөдгүй хүнтэй сүжрэгч уруудах замаа бэлдэнэ.
Сайн найз нөхөр ямар ч эд баялаг, хөрөнгө мөнгөнөөс хавьгүй үнэт, хайрлаж дээдлэх эрдэнэс. Эд баялаг гэгч өвсний шүүдрээс өөрцгүй.
Цаг зуурын хишиг.
Сайн нөхөр гэгч мөнхийн хишиг. Мөнх ногоон арц тэсгэм хүйтэн өвөл ч, аагим халуун зун ч өнгөө хувиргаж, чанараа алддаггүй шиг мөнхийн сайн нөхөд жаргаж цэнгэж явахад ч, зовж зүдэрч байхад ч хүн чанараа алдалгүй хамтдаа байдаг юм.
Чиний найз нөхдөд чамд байгаагаас илүү ямар шинж чанар байдгийг сайтар ажиглан мэд. Нөхрөө харж биеэ зас. Дутуу байгаагаа нөхдөөсөө дүүргэж ав, илүү байгаагаа нөхөддөө харамгүй өг. Өөрийнхөө төлөө өөрөө санаа тавь. Хэрэв чи өөрийнхөө төлөө санаа тавихгүй бол хэн чиний төлөө чамаас илүү санаа тавих юм бэ? Эхлээд өөрийнхөө учрыг ол. Өөрийнхөө учрыг олоогүй байж бусдын учрыг олох гэж мунгинах хэрэггүй. Өөртөө гэрэл асаагаагүй хүн өрөөл бусдыг юугаараа гийгүүлэх билээ дээ? Хувиа хичээж, довоо шарлуулан зөвхөн өөрийнхөө төлөө санаа тавигчийг сайн нөхөд хүрээлэхгүй. Хэрэв чи зөвхөн өөрийнхөө төлөө явбал энэ амьдралд чинь утга учир, баяр баясал юу байх билээ дээ? Тиймээс өөрийнхөө төлөө санаа тавихдаа найз нөхдөө мартахгүй байх хэрэгтэй. Ер нь “бусдын төлөө өнгөрүүлсэн амьдрал л утга учиртай байдаг” юм гэсэн.

2011-11-03

Ц.Хулан - ″Найрагч хүүхнээс нөхөртөө хэлсэн үг″

Явлаа би! Шөнөдөө л эргэж ирэх байх шүү
Яруу найрагч бүсгүй хүн өөрөөр амьдардгийм
Айлын гэргий болж галыг чинь манаснаас хойш
Алдрын болор хэвнэгтэй шивэгчин болж гүйцлээ!
Туул голын усыг бидэр хээ таттал
Тунгалагхан инээлдэж нөхөд минь наргиж байгаа
Тэдэн рүүгээ явлаа!
Дуулиан алдрыг минь надтай цуг бүтээсэн
Дундрашгүй сайн муу нөхөд хаана хэзээд бэлэн байгаа
Тийшээгээ явлаа!
Мөнгөрсөн санчигтай Сэнгийн Эрдэнийг гэрээс нь оргуулж
Мөнхөрсөн гоо Санжмааг нь яриулан нулимс арчиж байснаас
Хар зандан тавилгыг өглөөдөө ёс юм шиг зүлгэдэг
Ханат гэрийн зардас яваагүй ээ би, нөхөр минь!
Дарс шампаансаг оргиход уран цэцнийг урсгадаг болохоос
Данхтай цай дэврээхэд уулга алддаг чавганц бишээ санавал
Гэрээс гарч малгайн тоос үргээе!
Гэргийн албанаас өнөө нэг чөлөөлөгдөе!

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.