2011-09-21

Эр зориг {Титэм үг}

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Багабанди Солонгост ажиллаж байсан монгол залуус түймэрийн аюулаас хүний амь аварч, зориг баатарлагийн үлгэр жишээ үзүүлэв. Монгол залуусын хувьд энэ түймэр эр зоригийн шалгуур байлаа. “Алтыг гал дээр, эр зоригийг гай зовлонгийн үед сорьж үздэг” гэсэн үг бий. Тэд аюултай мөчид амь насаараа дэнчин тавьж, айж сандралгүй, уужуу тайвуу байж эр зоригийн шалгуурыг нэн амжилттай давж, зовох цагт нөхрийн чанараа таниулав. Монгол хүн нөхөрлөж болох нөхөр, найдаж болох хань, хүнлэг нинжин сэтгэлтэй жинхэнэ сайн хүмүүс гэдгийг үг хэлээр бус үйлдлээрээ нотлов. Солонгосчуудын тархинд монгол хүний мөс чанарын үзүүлэлтийг маш сайнаар тамгалан хадаж өглөө. Түүнээс хойш монголчуудад хандах солонгосчуудын хандлага их өөр болсон гэж ярих юм билээ. Тэд эр зоригийн хүмүүжилтэй, эх орон нэгтнүүдийнхээ нэр төрийг өргөж өгсөн сайн залуус. “Аливаа эр зоригтон, аливаа шударга хүн эх орондоо нэр төр авчирдаг” гэж бичсэн нэрт зохиолчийн үг үнэн ажээ.
Монгол хүн аль дивангараас үр хүүхэддээ эр зоригийн хүмүүжил олгодог өөрийн гэсэн аргатай байлаа. Монгол үлгэр туульс тэр аяараа л эр зоригийн баатарлаг үйл явдлаар дүүрэн. Бидний үеийнхэн арван таван толгойтой атгаалжин хар мангасыг дарж, ард олондоо жаран жилийн жаргал авчирч, наян жилийн найр хийж байгаа эр зоригтны тухай үлгэр туульсыг чих тавин, амьсгаа даран сонсч өссөн. Ийм монгол үлгэр сонссон хүүхдүүд тэр эр зоригтон шиг баатар эр болохыг мөрөөдөлдөө тээн, зүүдэндээ үзэж, эр зоригийн хүмүүжлийг шингээн тусгадаг байв.

Гунын эвэр хугармаар гурван есийн хүйтэнд үзүүрсгэн дээлнийхээ энгэрийг ярж, үнэгэн лоовуузаа ар шилэн дээрээ шидэж, уур савсуулан давхиж яваа адуучин монгол залууг төсөөлөөд бод доо! Адуучин залуу байгалийн хатуу ширүүн аашийг хатамжлан сөрж, халуунд халж, хүйтэнд хөрж, малч удмаараа, ажил үйлсээрээ эр зоригийн гайхамшигийг ой ухаан, бие сэтгэлдээ шингээн авчээ. Түүний үе тэнгийн эрүүл чийрэг аль нэг залууг Зүүн өмнөд Азиас ч юм уу Европоос авчраад тэр аргамаг хүлэг дээр мордууллаа гээд төсөөл. Моринд мордож чаддаг юмаа гэхэд идэр гурван есийн хүйтэнд морин дэл дээр аль хэр удаан тэсч чадах эр зоригтон байх бол? Гэхдээ би эдгээр орон газарт эр зоригтон байхгүй, зөвхөн бид л хосгүй эр зоригтон гэж хэлж байгаа юм биш. Аль ч улс үндэстэн өсвөр үедээ эр зоригийн ухаан суулгадаг өөр өөрийн арга барилтай. Япон эхчүүд хүүхдүүдээ ухаан орсон цагаас нь дайн тулааны тухай үлгэр ахин дахин ярьж, жинхэнэ самуурайн эр зориг, хатуужлыг оюун ухаанд нь суулгаж өгдөг байсан байна. Үлгэрийн айж цочимоор, зүрх өвдөм хэсгийг сонсоод хүү нь айж уйлбал, ээж нь иймхэн юманд уйлж байдаг, яасан арчаагүй, эм тахиа шиг аймхай хулчгар юм, чи гэж зэм хүртээн, хэрвээ тулааны талбарт гараа тас цавчуулбал чи яах юм бэ, харакири хийхийг чамд тушаавал яахав гэх зэргээр аашилж, цахиур мэт хатуужуулдаг байсан гэнэ. Японы нэгэн нэрт соён гэгээрүүлэгч “Дайн тулаанд орж, дайтаж үхэх бол хэцүү юм биш. Энэ бол ямар ч зэрлэг хүн хийж чадах ажил. Харин, амьдрах цагтаа амьдраад, үхэх ёстой цагтаа үхэх л чухам үнэнхүү эр зориг мөн” гэж бичсэн байна. Махан биеийн эр зориг, ёс зүйн эр зориг хоёр тэс өөр ялгаатай зүйл билээ. Бидний өвөг дээдэс “биеийн бяраар нэгийг ялах, ухааны бядаар мянгыг дийлэх” гэх торгон ухааныг цэргийн эрдэмтэй хослуулан дайтаж, ялан дийлж, суу алдраа мандуулсан эр зоригтнууд байлаа. Бидний үеийнхэн дайн байлдаантай кино үзэж, манай тал ялахаар алга ташин баясч, өөрсдөө тэр тулаанд ороод ялсан мэт хөөрч хүүхэд насаа үдсэн. Тэр үеийн кино бүхэлдээ эр зоригтнуудын түүх өгүүлсэн үйл явдалтай. Тэдгээр киноноос махан биеийн эр зориг, ёс зүйн эр зоригийн аль алиных нь эд эс бидний бие хийгээд ой ухаанд ямар нэг хэмжээгээр шингэж үлдсэн нь мэдээж. Гэхдээ тэр үйл явдлууд ихэвчлэн бүхий л хүнд аюулыг сөрөн, хувь заяагаа золин байж үхэл рүү үсрэн орохыг эр зоригтой адилтган харуулсан байдаг байсан юм. Ийм дайчин эрийн ухаангүй үйлдлийг Шекспир “нялх эр зориг” гэж нэрлэсэн. “Нялх эр зориг” гавьяа үгүй. Шатаж байгаа байшин руу хүн аврахаар дайран орох, эр зоригтойгоо хэн нэгэнд зүгээр л харуулахын тулд үсрэн ороод гарч ирэх хоёр тэс өөр. Эр зоригтойгоо харуулж гайхуулахын тулд гал руу үсрэн орсон нөхөр амьд гарч ирж чадахгүй ч байж магад. Энэ мэт үхлийн үнэд хүрэхгүй юмны төлөө амиа золихыг “нохойн үхэл” хэмээн үзэн яддаг юм. Энэ нь эр зоригтны үйлдэл биш, зүгээр л ухаангүй ойворгон нөхрийн тэнэг алхам.
Шатаж байгаа байшингаас монгол хүүхдүүдийг аварч яваад угаарт цохиулан бурхан болсон гадаадын эмэгтэйн тухай манайхан дутуу сэтгэл, сулхан дуугаар цөөхөн дуугарсаар мартагнасан. Тэр эмэгтэй үнэхээр өндөр ёс зүйтэй, шударга ариун чанарын төлөө тэмцсэн эр зоригтон. “Жинхэнэ эр зориг гай зовлонгийн үед л гардаг” гэдэг үнэн ажээ. Гал, усны гашуун зовлонгоос өөрийн амиар дэнчин тавьж хүн аварсан ачтан өч төчнөөн монгол хүн бий л дээ. Тэд жинхэнэ эр зоригтнууд. “Жинхэнэ эр зоригтон үг цөөтэй. Тэд хамгийн баатарлаг үйлдлээ гавьяа бус, үүрэг гэж үздэг тул өөрийгөө харуулах шаардлага түүнд бага гардаг” гэнэ. Жинхэнэ эр зоригтон буруу үйлд эр зоригоо хэзээ ч ашиглахгүй байх ёс зүйн болд мэт хатаагдсан зарчимтай. Буруу бусармаг үйлдлийг зориг гарган үйлдэгсэд эр зоригтон хэзээ ч байгаагүй. “Эх орноо хамгаалах эр зориг бол буянтай үйл, харин дээрэмчний зориг бол хар үйл юм”. Хүний мөсгүй зүрх зориг бол зэрлэг араатны араншинтай адил. Харин бузар үйлдэл хийхээсээ айх нь эр зориг мөн. Түүнчлэн чиний эсрэг үйлдсэн бусдын зохисгүй үйлдлийг тэвчин өнгөрөөх чадвар нь эр зориг.
Хүний оюун санаанд эр зориг амар амгалан, тайвшралын хэлбэрээр оршин байна. Жинхэнэ зоригтой хүн ямар ч нөхцөлд цочихгүй, хэн яаж ч байсан оюун санааныхаа амар амгалан, тайвшралыг алдахгүй. Дайн тулааны үед ч тайван хянуур байж, байгалийн гамшигтай учирсан ч цочирдохгүй. Газар хөдөлсөн ч сандрахгүй, салхи шуурга, аадар бороонд ч ажрахгүй. Ийм жинхэнэ эр зоригтон тулгаран ирсэн аюул бэрхшээлийн үед ч, эсвэл үхэлтэй нүүр тулсан цаг мөчид ч ердийнхөөс өчүүхэн төдий ч өөрчлөгдөөгүй тайван амгалан байж чаддаг тухай түүх шашдир, ном зохиолд бичин үлдээжээ. Ийм чадвартай байна гэдэг бол тэр эрхэмийн сэтгэлд ихээхэн уужим тэнүүн орон зай байгааг илэрхийлж байгаа хэрэг. Сандардаггүй, айж мэгддэггүй, хүнд байдалд ордоггүй, цаг ямагт илүү орон зайг бий болгож чаддаг уужим сэтгэлтэй байна аа гэсэн үг. “Жинхэнэ эр зориг нь ямар ч гай зовлон, аюулыг хайхралгүйгээр өөрийгөө тайван эзэмдэж, өөрийн үүргийг сандралгүй биелүүлэх явдлаар илэрдэг” хэмээн гүн ухаантан Ж.Локк бичсэн байна. Эр зоригтон хэлсэн үгэндээ ч үнэнч, хийж байгаа үйлдээ ч үнэнч байдаг юм. Сэтгэл санаагаар унахгүй, үргэлжийн өөдрөг сэтгэлтэй байх нь эр зоригтны нэг шинж. “Хүний эр зоригийн аугаа их сорилт бол ялагдахын цагт сэтгэл санаагаар унахгүй байх явдал мөн”. Гэхдээ эр зоригтнууд юунаас ч айдаггүй, айх мэдрэмжээ хаяж гээсэн хүмүүс ердөө ч биш. Эртний Герегийн гүн ухаантан Платон, эр зоригийг “айх ёстойг айхгүйгээс ялгаж салгах” гэж тодорхойлсон байна. Айх нь адгийн муухай зүйл биш. Айдас зүрхийг хурцалдаг. “Эр зоригийн дараа орох сайхан зүйл бол айж байгаагаа хүлээн зөвшөөрөх” билээ. Тиймээс айж байгаагаа нэрэлхэлгүй хүлээн зөвшөөрөх ёс зүйтэй бай. Монголын хүүхэд залуус эр зоригтон байгаасай гэж хүсч энэ бүгдийг ярилаа. Хүн, “эд хөрөнгөө алдвал – бага зэргийн алдагдал, нэр төрөө алдвал – их алдагдал, эр зоригоо алдвал – бүхнийг алдах болно” гэж хэлсэн алдарт зохиолчийн үгийг эгнэгт санаж явцгаа!

0 сэтгэгдэл:

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.